Дархан аварга Жигжидийн Мөнхбат 76 насандаа бурхны оронд заларчээ
Нийтэлсэн: 2018-04-09 13:42:26
Монгол түмний хайртай бөх Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбат 76 насандаа бурхны оронд заларлаа. Тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ийн анхны медалийг эх орондоо авчирсан юм. Тэрээр 1964 онд Токиогийн олимпоос Монголын анхны шагналт байр, 1968 онд Мехикогийн олимпоос Монголын анхны мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Мөн тэрээр үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн билээ.
Түүний бага нас:
Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга нь 1941 оны намар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Сайхан Бригадын нутаг “Хадан хошуу” гэдэг газар эцэг Чанцал болон эх Хажид нарын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ. Эх Хажид нь хүүхэд төрүүлээд удаагүй бие нь тэнхрээгүй байхад нь ах Жигжид нь ирж олон бага хүүхэдтэй бие нь сул дорой байгааг нь анзаарч сая төрсөн хүүхдийг нь үрчилж авахаар шийдэж авч явжээ. Үүнээс хойш нагац ах Жигжидийн нэрээр овоглож Мөнхбат нэртэй болжээ. Аварга багаасаа л ой ухаан сайтай сэргэлэн цовоо хүүхэд байсан тул хүний хэлж ярьсан зүйлийг сайн ойлгож авдаг байжээ.Бага насаа Эрдэнэсант сумын Сайхан бригадын нутаг Буянтуул, Баян хар, Мөөрийн гол,Цахирын цагаан нуур зэрэг эр хүний хийморь сэргэсэн уул, ус жигдэрсэн байгалийн үзэсгэлэн хосолсон нутагт морин дэл дээр өнгөрөөсөн байна. Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь бөх их сонирхдог яггүй сайн барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ. Бөх болоход нь ааваас нь гадна маш их нөлөөлсөн хүн бол Тангад багшийгаа гэж нэрлэдэг. Энэ хүн тайж гаралтай хүний хүүхэд бөгөөд лам хүн байжээ.Бөхийн барилдах ур чадварыг төгс эзэмшсэн барилдааны олон мэхийг сайн мэддэг байснаас Мөнхбатыг бөхийн эрдэмд сайн сургасан байна.
Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат Эрдэнэсантын долоон жилийн дунд сургууль, санхүүгийн техникум, эдийн засгийн дээд сургуулийг төгсжээ.1958 оны Майн-баяраар сумандаа барилдаж аймгийн заан Дагватай үлдэж түрүү, үзүүр булаалдсан нь барилдах сонирхлыг улам төрүүлж эхэлжээ. 1960 онд техникумд суралцаж байхдаа техникумуудын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдааанд оролцож амжилттай сайн барилдаж түрүүлж байжээ.
Барилдааны амжилтын хувьд:
Үндэсний бөх:
1961 оны Улсын баяр наадмын өмнөхөн болсон баяр наадмын Монголын бүх ард түмний анхдугаар спартикиадад аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шилдэг 28 бөх тойргийн барилдаанд хоршоолол нийгэмлэгээс шалгаран оролцож , хөдөө аж ахуйн дээд сургуулиас шалгарсан Улсын заан Ж.Чойжилсүрэнтэй хамт 28-25 давж 1-2-р байрыг хуваан эзэлсэн амжилтыг нь үнэлж баяр наадмын төв комиссын 1961оны 7-р сарын 13- ны өдрийн 1-р тогтоолоор Улсын заан цол олгосон байна.
-1961оны У.Б.Н-д 6 давж идэр шаламгай чимэг
-1962 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан
Л.Сосорбарамд унаж 2-р байр эзэлжээ.
-1962 оны У.Б.Н-д 3 давж 4-т Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавт өвдөг шороодсон нь том сургамж болжээ.
-1963 оны УБН-д 9давжтүрүүлж арслан цол -1964 онд 9давж түрүүлж улам нэмэх чимэг -1965 онд 9давж түрүүлж Улсын аварга цол -1966 онд 9давж түрүүлж Дархан аварга цол -1967 онд 9 давж түрүүлэхэд чимэг олгоогүй
-1968 онд 7давж олныг баясуулагч чимэг
-1969 онд 7давж хаялцаагүй удсан тул хасагдаж чимэг олгоогүй
-1970 онд олимпын наадамд оролцсон тул барилдаагүй
-1971 онд 6 давж бат нягт чимэг
-1972 онд 8 давж үзүүрлэж далай даян чимэг
-1973 онд 7давж даяар дуурсагдах чимэг
-1974 онд 9 давж түрүүлж баяр наадмын манлай чимэг
-1975 онд 8 давж үзүүрлэж түмнээс төгөлдөр чимэг
-1975 оны Монголын бүх ард түмний 5-р спартикиадад 30-26 давсан амжилтаар 3-р байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг
-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй
-1977 онд 7 давж өнөд баясгалант чимэг
-1978 онд 8давж үзүүрлэж далай дайчин чимэг
-1979 онд 7 давж бүхнээ дурсгалт чимэг
-1980 онд 8давж үзүүрлэж манлайн баясгалант чимэг
-1981 онд 7 давж үлэмж бадрахчимэг
-1983 онд 7 давж тод сонин үзэсгэлэнт чимэг
-1984 онд 4 давж 5-д У/арс/1. Сосорбарамд өвдөг шороодов.
-1985 онд 6 давж бат нягт чимэг
-1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давж аймгийн начин Ж.Даваажав , аймгийн арслан Б.Жавхлантөгс, улсын начин Ц.Дамдин , аймгийн арслан Д.Адъяатөмөр , залуу бөх Р.Гансүх, аймгийн арслан Х.Амараа нарт цол ахиулах боломж олгожээ.
-1994 онд 6 давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.
Түүний цол чимэгний хувьд: Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга
Чөлөөт бөх:.
1967 онд Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 87 кг жинд барилдаж хүрэл медаль.
1978 онд Мексикийн Мехико хотод болсон зуны 19-р олимпийн наадамд оролцож мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрээр хонгодох, ачих, тонгорох, хутгах,тойгдох мэхнүүдийг дархан хийдэг байсан бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэнд байсан хүмүүсийг үнэхээр огшоож суудлаас нь дагаж өндийлгөж хүмүүс дагаж хөдлөх нь холгүй байдаг байсан хэмээн хүмүүс одоо ч хуучилдаг. Хоёр мөнхийн барилдаан үнээ саалгаадаггүй байж билээ хэмээн тэр үед яриа гарсан байсныг одоо бодоход үнэхээр гайхалтай барилдаанууд үзүүлдэг байсан ойлгомжтой бизээ. Чөлөөт бөхийн спортоор хичээллэж Дэлхийн шилдэгүүлийг өмнөө сөхрүүлж эр бяраараа дэлхий нийтэд гайхагдаж явсан аатай аварга юм. Ж.Мөнхбат аварга нь Монгол улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эх орондоо анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медаль авчирч байсан тамирчин юм. Түүний тив,дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг нь төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга юм.
Эхлэл бүхний эзэн, их түүхийн эхлэл МУ-ын дархан аварга Жигжидийн Мөнхбатын Ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
NUUTS.mn