Мафийн гэр бүл ГАМБИНО-гийн боссын оршуулганд 72 ХАР лимузин жагсаж явжээ
Нийтэлсэн: 2018-01-28 03:15:19
1930-иад оноос хүчээ авсан Гамбиногийн гэр бүл нь Америкийн итали мафи Коза Нострагийн хамгийн хүчирхэг төлөөллийн нэг юм. Чикагогийн цагдаагийн газрын 1932 оны энэ зурганд Гамбиногийнхон ганган эрчүүд байсныг харуулдаг.
Гаднаа ийм элит гэр бүлийн мэт харагддаг ч үндсэн бизнес нь архи тамхи, галт зэвсгийн наймаа, зэвсэгт дээрэм, айлган сүрдүүлэлт, дарамтлах, хүн барьцаалах зэрэг хамгийн бохирыг нь хийж ирсэн. "Бурхан уучилдаг бол Гамбиногийнхан уучилдаггүй" гэсэн уриатай.
Энэ гэр бүлийн алтан үе нь Карло Гамбиногийн босс байсан 1960-70 он юм. Тухайн үед Холбооны мөрдөх товчоон/ХМТ/-ы тооцоогоор гэр бүлийн жилийн орлого нь нэг тэрбум долларт хүрч байжээ.
Харин мафийн босс Бруклин дэх энгийн байшиндаа бараг ядуу гэмээр амьдардаг байсан. Энэ байшин нь гэр бүлийг удирдах штаб төдийгүй мафийн бүлэглэлүүдийн уулзалтын цэг байв. Цагдаа болон ХМТ энд 24 цагийн ажиглалтыг тасралтгүй явуулдаг байсан.
Карло Гамбино гэр бүлийн бизнесийг удирддаг бол санхүүг нь жүүд Меир Лански барьж ирсэн.
Энэхүү бодит хүнээс ургуулан “Америкт нэг удаа” кинонд мафийн ерөнхий нягтлан бодогч Макс Беркович, “Загалмайлсан эцэг” кинонд Хаймон Ротын дүрийг оруулсан. “Загалмайлсан эцэг-2” кино гарсаны дараа Лански нь Хаймон Ротын дүрийг бүтээсэн жүжигчин Ли Страссбергэд захиа бичиж алдаа оноохыг нь талаар өөрийн санал бодлоо хэлж байсан гэдэг.
Лански мафийн ерөнхий нягтлан бодогчоор бараг 50 жил тасралтгүй ажилласан. 1931 онд ХМТ-ныхон алдарт босссын босс Аль Капонег татварын хэргээр баривчлагдахад тэрээр ердөө 30-хан настай байжээ. Чухам энэ баривчилгаа л нүдийг нь нээж мөнгө угаах гэгчийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Тэрээр Швейцарын банкинд данс нээж Лихтейнштэйнд Евродын улсуудын облигаци худалдан авч Карибын тэнгисийн Ямайк аралд офшор компани байгуулж эхэлсэн. Энэ сүлжээгээр нь мафийн орлогийн асар их мөнгө угаагдсан. Мөн анх удаа казино байгуулж мөнгөө угааж эргэлдүүлсэн. 1982 онд алдарт “Форбс” сэтгүүл ХМТ-ны эх сурвалж дээр үндэслэн мафийн ерөнхий нягтлан бодогчийн хөрөнгийг 300 сая доллар хэмээн нийтэлж байсан. Харин тэр үед Лански Флорида дахь жижигхэн эдлэндээ тун даруухан амьдарч энэ бүхнийг үгүйсгэсээр суусан.
Үнэндээ түүний гол айдас нь цагдаа болон ХМТ бус харин татварынхан байсан гэдэг. Татварыхны ээлж дараалсан шалтгалтаас зугтаж 1970 онд Израйльд түр хугацаагаар орогнож байсан удаатай. Гэсэн ч ХМТ болон татварыхан Карло Гамбино Меир Лански нарын эсрэг баттай баримттай хэрэг тулгаж чадаагүй. Үүсгэсэн хэрэг бүр нь шүүх дээр мухардаж маш найдвартай гэгдэж байсан гэрч нар нь эцсийн мөчид шүүх хуралдаан дээр өмнөх мэдүүлгээсээ олонтоо няцдаг байв. Шүүхийн тангарагтан нарыг ч мафийнхан худалдаад авчихдаг. Карло Гамбиногийн дараа босс болсон Жон Готтигийн үед гэр бүлийн бизнес нь захиалгат аллага айлган сүрдүүлэлт, шантааж, шатахуун зэрэг онцгой барааны татварын маапаан болон хар тамхины наймаа болсон.
Гэсэн ч алтан үетэй нь харцуулахад орлого нь эрс багасаж жилийн 250-500 сая доллар хүртэл унасан. Цагтаа Карлогийн цэрэг байсан Готти өмнөх боссуудынхаа жишгийг дагаж бусдын анхаарлыг татахгүйгээр маш энгийн даруухан амьдардаг байсан.
Бүр хүмүүсийн нүдэн дээр дээрээ захиралтай жирийн нэгэн менежерын албан тушаалд ажилладаг байв. Жилдээ 50 мянган долларын цалин авдаг. Түүний ажилладаг компани нь сантехникийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Гэр нь ч дундаж давхрагын хороололд байдаг агаад гудамжаар нь Америкийн №1 дээрэмчин ямар ч хамгаалалтгүй ганцаараа явдаг байв.
Түүнийг ХМТ-ынхон ил дагаж сэтгүүлчид зургийг нь чөлөөтэй авдаг байсан. 1992 онд ХМТ-ынхонд аз таарч гэр бүлийн дотоод өрсөлдөөн, боссынхоо шудрага бус явдалд дургүйцсэн Готтигийн туслахыг өөртөө урвуулж авсан. Улмаар онцгой хамгаалалтанд орсон экс туслах боссынхоо эсрэг мэдүүлэг өгч Готтийг хүн амины 13 хэргээр ял тулгаж шоронд суулгаж чадсан.
Тэрээр 2002 онд шоронд улаан хоолойн хорт хавдраар нас барсан. Оршуулгын ёслол нь Квинси хотод болж гудамжаар хар өнгийн 72 лимузин цуваагаар явсан.
Явах замд нь “Жон Готти үүрд мөнх” гэсэн бичиг өлгөж байсан.
Алдарт боссын үхлийн дараа суудлыг нь хүү Жон Готти-Юниор нь залгамжилах ёстой ч түүнийг 1999 онд баривчилж хорьсон байсан. Ингээд оронд нь талийгаач боссын ах Петер Готти Гамбиногийн гэр бүлийг хэсэгтээ удирдсан ч ХМТ 2004 онд баттай баримтаар баривчилж шүүх бүх насаар нь хорих ял оноосон. 2010 онд Жон Готти-Юниор суллагдаж өдгөө тэрээр босс гэгдэж байна.
ХМТ-ны мэдээлснээр сүүлийн 20 жилд Гамбиногийн гэр бүл нь бизнес санхүү болон нөлөөллийн хувьд ихээхэн суларсан гэнэ.
НУУЦ.мн