Н.Цэрэнбат У.Хүрэлсүхийн хувьд ХЭН Ч БИШ гэдгээ мэдрэх мөч ...
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатыгаа зуух тараах гэлээ хэмээн цахимаар зад загнажээ. Угаасаа зуух тараахыг дэмжихээ байсан олон нийт загнаж байгаагийх нь талд орж загнуулагчийг бууруушаав. Уг нь монголчууд зодуулж байгаагийх нь талд ордог сэтгэхүйтэй ч өдөө унасан дээр нь өшиглөөд авах гэдэг болжээ. Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийг загнасан нь буруу биш. Гэхдээ загнаж байгаа арга хэлбэр нь өөдгүйн дээр өөрийгөө жинхэнэ эр хүн гэдэг хүнээс гарсан гэхэд итгэмээргүй юм. Засгийн ажил цахимаар явагдах учиргүй. Загнахдаа хүрвэл Засгийн хуралдаан дээрээ албан ёсоор хэлж шардах учиртай ч тэгсэнгүй. Энэ бас учиртай. Хэрвээ Засгийн газрын хуралдаан дээр загнавал тэрийг хэдэн сайд нар л сонсоно. Харин загнаж байгаагаа цахимаар цацвал олон нийт гээд хамаагүй олон хүнд хүрнэ. Энэ л У.Хүрэлсүхэд хэрэгтэй байсан агаад үүний л төлөө бодвол Монгол улсын төлөө хамтарч зүтгэнэ хэмээн гараа атгалцан нэг танхимд орсон нөхрийгөө ийнхүү шившиг болгож байна. Ерөнхий сайдыг загнасны дараа цахим даяар хөөрхий БОАЖ-ийн сайдыг бут авч эхэллээ. Бүр “зуух” гэдэг нэр хоч өгөөд авчээ. "Цэр чинь цээжиндээ, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу, Цэрэнбат аа?" гэж амыг нь асууж байна. Одоо энэ сайдад улстөрийн нэр хүнд гэх зүйл бараг үлдсэнгүй. Тэртэй тэргүй олон нийтэд чичлүүж байсан Н.Цэрэнбатын сүүлчийн жаахан нүүрийг Ерөнхий сайд нь үгүй хийж орхилоо. Цаг зуурын улстөрийн оноо нэр хүндийн төлөө замд хамт яваа нөхрийгөө ингэх гэж ... У.Хүрэлсүх улстөр, төрийн зарчимтай, ёс зүйтэй үйл ажиллагаанаас илүүтэйгээр олон нийтэд харагдах таалагдах хэлбэрийг илүү хөөдөг арга барилтай. Үүний төлөө хэнийг ч золиосолж чаддаг. Энэ зан нь ч ийнхүү харагдаж байна. Н.Цэрэнбатын одоо байгаа байдал нь хэдэн жилийн өмнөхөн чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаасаа чөлөөтийхөндөө чичлүүлж муулуулж буусан Г.Өсөхбаярыг санагдуулж байна. Тэр үед аварга мөн их балбуулсан даа ... Ажлаа өгөх үедээ “та нар намайг тал талаас ингэж их муулахын оронд нэг сайн цохичихгүй яав даа” гэсэн гэдэг. Харин Н.Цэрэнбат ажлаа бодолтой хянууртай, баараггүй хий. Асуудал гарвал Ерөнхий сайд чинь таныг хамгаалахгүй гэдэг нь тодорхой боллоо.
