Хамгийн том зээл бүтээсэн нь хамгийн мундаг ЕС гэдэг жишгийг У.Хүрэлсүх тогтоожээ
Гадаадаас авах зээлийн төлөө Засгийн газар ингэж бараг бүрэлдэнхүүнээрээ хөдөлж байсан түүх бараг байхгүй байх. 500 сая долларын зээл авах зорилготой айлчлалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдийн тал хувийг аваад Өмнөд Солонгос руу мордов. Гэхдээ АН-ынхан арай ч ингэж сүржигнэж байгаагүй. Алдарт “Чингис” бондын мөнгийг “Фортуна” Н.Батбаяр ганцаараа шахуу яваад л бүтээгээд ирсэн. Айлчлал ч амжилттай болж айлын тал гуйсан мөнгийг нь өгөхөөр боллоо. Ийнхүү Засгийн газар хэсэгтээ амсхийнэ. Саяхан “Чингис” бондын мөнгийг төлөх гэж 500 сая доллар зарцуулсан тул тэр хэмжээний мөнгийг оруулж ирэх нь Ерөнхий сайдын хувьд “нэр төрийх нь” хэрэг байжээ. Ийнхүү хамгийн сайн бадар барьсан нь хамгийн сайн Ерөнхий сайд гэгддэг жишиг тогтов. Энэ мөчөөс хойш манай дарга нар зээл гуйх л гэж гадагшаа айлчилдаг болно. Үүнийг нь гадныхан мэдсэн мэт түргэн тусламжийн дугаартай машинд суулгаж тохуурхдаг.
.jpg)
Өдгөө Монгол улс зээлийг зээлээр дардаг чөтгөрийн тойрогт нэгэнт орсон тул гуйлга гуйхаас өөр аргагүй болов. Засгийн газар ч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, том төслүүдийг хөдөлгөх, Оюутолгойгоос орж ирэх орлогийг нэмэгдүүлэх талаар олигтой зүйл хийгээгүй, хийх ч бодолгүй сууна. Эр хүний хийморь лундааг их харуулдаг хүнд ингэж гуйлга гуйж явах нь ямар санагддаг бол ... Иргэд ч монголчууд өөрсдөө баялаг бүтээж чадна гэдэгт итгэхээ больжээ. Харин түүний оронд олж ирсэн зээлээ олигтойхон ашиглахыг л хэдэг дарга нараасаа наминчлах нь шахуу гуйж байна. Ерөнхий сайдын энэ айлчлал нь жижиг алдаанаас эхлээд том алдаагаар дүүрэн өнгөрлөө. Өндөр дээд айлчлалын үеэр шилбээ гаргасан оймс өмсдөггүй, эм хүний суудлаар суудаггүй дипломат энгийн ёсыг даргаа байнга бөөцийлдэг ажлын алба нь хэлээд өгсөнгүй.
.jpg)
Монголд Ерөнхийлөгч нь Солонгосыг чиглэсэн их нүүдлийг зогсооно гэж ярьж байхад Ерөнхий сайд нь очоод Монголоос авах ажилчдын тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьж байна. Олонтоо тунхагласан гадаад харилцааны нэг цонхны бодлого энэ засгийн үед л лав хэрэгжихгүй юм байна. Ардын Ерөнхий сайд Солонгосд очоод жинхэнэ ардууд нь амьдардаг Монголтаунд очсонгүй. Харин ч тусгайлан бэлдсэн зочид буудалд тусгайлан уригдсан “иргэдтэйгээ” уулзав. Ийнхүү Ерөнхий сайдын гадаад айлчлал мөнгөө бүтээж амжилттай боллоо. Одоо иргэд энэ мөнгөө агаарын бохирдлыг бууруулахад зөв зарцуулаасай хэмээн ханцуйндаа залчирч сууна. Зарим нь бүр зээлийн зарцуулалтанд монгол дарга нарыг огт оролцуулахгүйгээр бүх эрхийг солонгосчуудад өөрт нь өгөхийг санал болгож байна. Энэ ч зөв байх. Хэрвээ монгол дарга нар л орох юм мордохын хазгай гэгч болно.
