.jpg)
Гаальчид Зам-Үүд, харин харьяатынхан Гашуунсухайтад ажиллах гэж өрсөлддөг. Гаальчдын тухайд олон нийтэд нэгэнт ил болсон хэрэг бол харьяатын байцаагчдын хувьд Гашуунсухайт нь жинхэнэ диваажингийн орон аж. Энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарсан ч өнгөрсөн оны эцсээр л анхан шатны шүүхээр орж хэлэлцэгдэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Г.Батзориг нь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын/тухайн үеийн нэрээр/ Өмнөговь амгийн Гашуунсухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна аавынхаа дансаар 1,4 сая юань буюу 328,4 сая төгрөг, төрсөн ахын дансаар 1,3 сая юань буюу 300,3 сая төгрөг, төрсөн дүүгийн дансаар 1,1 сая юань буюу 315,6 сая төгрөг, хамтран амьдрагчийн дансаар 455 мянган юань буюу 108,9 сая төгрөг, өмнөх эхнэрийн дансаар 4,100 юань буюу 970 мянган төгрөг нийт 4,5 сая юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтээ 100 гаруй хоног цагдан хоригджээ. Тэрээр 2008 оноос 2014 он хүртэл Өмнөговь аймагт Гадаадын иргэний харъяатын мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд нэг улиралд нэг боомт дээр ажиллаж, дараагийн улиралд аймгийн төв дээр ажиллаж, дараагийн улиралд Шивээ хүрэнгийн боомт дээр ажилладаг байжээ. Тухайн үед Гашуунсухайтын боомтоор маш олон хятад компани хятад жолоочоор нүүрс зөөлгөж байсан. Гадаадын иргэн Монгол улсад ажил хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тушааж байж хөдөлмөр эрхлэлтийн визийг авч ажилладаг. Гэтэл ихэнхи хятад жолоочид жуулчны визээр орж ирэн ажилладаг байсан нь одоо ч хэвээрээ юм. Чухам үүн дээр л харьяатынхан ажилладаг аж. Экс байцаагч дээрхи тэрбум гаруй төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн визний зуучлалын бизнес явуулдаг төрсөн ах Золбаярын хөрөнгө хэмээн мэдүүлжээ. Ах нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай агаад ах дүүгийн холбооноос нь л болж хуулийнхан хамааруулж шалган хэлмэгдүүлсэн гэнэ. Экс байцаагчийн төрсөн дүү нь ч Италид сурахаар явах гэж байхад нь том ах нь дансанд нь мөнгө байршуулж тусалжээ. Ах Золбаярын хувьд дансаар нь орсон мөнгийг гадаад ажилчдын хөдөлмөрийн виз гаргах үйлчилгээний хөлсөн авсан болон Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж, хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн төлбөр гэж мэдүүлсэн. Гэхдээ харьяатын байцаагч хийж байсан дүү нь хөдөлмөрийн визгүйгээр ажиллуулж байсан компаниудыг илрүүлээд виз гаргуулах тухайд өөртэй нь холбож өгдөг өгдөг байсныг хүлээжээ.
.jpg)
Энэ хэрэгт нүүрс зөөдөг хятад компаниудын орчуулагч өвөрмонголчуудийг гэрчээр байцаасан. Тэдний дунд монгол эхнэрээ цаазуурдан хөнөөсөн Өргөнтал хүртэл байжээ. Барсаа, Гэрлээ, Уранаа, Гэрэлтү, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Алтансүх, Сараа, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Цэцэн, Өргөнтал, Гаадаа, Дэлхий, Саран, Туяа нарын өвөрмонголчууд гэнэ. А.Чимугэ /QIMUGE/ нь “...2013 онд манай компанийн хятад ажилчид хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллаж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг нь тус зөрчлийн дагуу торгууль тавьсан. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн дансанд тушаадаг. Тэгээд Батзориг байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан...” гэжээ. Шүрэнчимэг /XURENOIMUGE/ нь “...бизнесийн визтэй найман хүний торгууль 12 мянган юаныг Г.Батзоригийн өгсөн дансанд хийсэн” гэжээ. “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагч Цэцэн нь “...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Батзориг хэлж дээрх дансны дугааруудыг өгдөг байсан. Би тэдгээр данс руу юанийг шилжүүлж байсан...” гэжээ. Гэрчээр мэдүүлэг өгсөн өвөрмонголчууд ихэнхи нь Батзоригтой харьцаж өгсөн дансанд нь мөнгийг нь шилжүүлж байсан аж. Харин энэ хэрэгт холбогсодын гэм буруу бүрэн тогтоогдоогүй гэж үзжээ. Гэрчээр тогтоогдсон 32 өвөрмонгол иргэнээс бүгдээс нь мэдүүлэг аваагүй байжээ. Авсан хэдийх нь мэдүүлэг кирилл бичиг мэддэггүй гэрчээс авсан гэх үндэслэлээр хүчингүй болсон гэнэ. Мөн өвөрмонгол хөтөч, орчуулагч нарын шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийн зориулалт тодорхойгүй буюу өөрөөр хэлбэл торгууль эсвэл хөдөлмөрийн визний зуучлалын хөлс эсэх нь бүрэн тогтоогүй гэж үзсэн байна. Гэхдээ гэрч Н.Б нь “...Баяннуур Шүн Шиан нь манай компанийн хөрөнгө оруулагч бөгөөд “ЭНК” -ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Бүх баримт манай кассын тайланд тодорхой харагдана. Зоригтбаяр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компаний захирал Р-тай харьцаж байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна...” гэжээ. Хамтран амьдрагч нь дансаар орж ирсэн мөнгийг экс байцаагчийн аав өгдөг гэсэн бол аав нь “Бенз Жи-320”, “Ланд-200”, “Лексус 570” машинаа өөрийн орлогоор авсан гэжээ.
НУУЦ.мн