.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан хэлсэн үгэндээ:
-Утаа ирэхэд бид бэлтгэлгүй хэвээрээ л байлаа.
-Ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг ч буурдаггүй, дөрвөн жилээр Засгаа сольдог ийм л улс боллоо. Харин өнөөдрийн хамгийн том бухимдал утаа.
-Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно.
Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. -Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой.
-Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна" гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.
-Үндсэн хуульд заасны дагуу цэрэгт татаж, 1-3 жилд цэргийн эрдмээр хичээллэхээс гадна хос мэргэжилтэй болж бүтээн байгуулалтын ажилд оролцоё. Энэ хугацаандаа цалингаа дансандаа хийлгэж орлоготой халагдая
-Одоогийн УИХ 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасан. Өгсөндөө багагүй хэмжээний, харин авч байгаа хүндээ юм болохооргүй тийм л мөнгө. 55 тэрбум төгрөг гэдэг ядарсан эдийн засагтай энэ улсад их мөнгө. Нэг цэцэрлэг нэг тэрбумаар барихад л 55 цэцэрлэг барих мөнгө. Гэвч, 300 мянган төгрөг болгоод тарааснаар энэ мөнгө Эрээний зах руу л явж байгаа. Тэгэхээр ийм бодлогогүй үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж байгаа.
НУУЦ.мн