.jpg)
АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь тус намын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдэл, Үндсэн хуультай холбоотой асуудлаар албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэд “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмнэ” гэж тусгасан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж, ард иргэдийг татварын дарамт, инфляц, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авсантай адилтгаж болох гэмт үйлдэл юм. Эрх баригчдын хагарал, хуваагдал, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч нь Монголын ард түмэн болох учиргүй” хэмээн үзсэн байна. Шаардлагад агаарын бохирдол, Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөнөөс гадна ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр нэмсэн татвараа эргэн харахыг сануулж, хариу өгөх хугацааг хоёрдугаар сарын 1-нээс өмнө байхаар тусгажээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэсний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ.
АН-аас дараах шаардлагыг хүргүүлжээ.
Ардчилсан намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлж буй шаардлагадаа,
НЭГ: ТАТВАРЫН АСУУДЛААР
-Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит орлого буурч, аж ахуйн нэгжүүд албан бус секторт орж далд эдийн засаг хөгжих үндэс суурийг тавилаа.
-Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.
-Ард түмний унаа болох цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулснаар автомашины үнэ 5-6 сая төгрөгөөр огцом өслөө.
-Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төмөр зам болон 45 мвт-ын цахилгаан станц барих, Гацууртын алтны ордыг ашиглаж эхлэх, Дулааны цахилгаан станц 3-ыг 250 мвт-аар өргөтгөх төслүүдийг явуулж эдийн засгийн өсөлтийг тогтвортой, өндөр хэмжээнд хүргэх,
ХОЁР: АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР
-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиг, үүрэг бүхий төрийн байгууллагын бүтцийг бий болгож тогтвортой ажиллуулах,
-Ардчилсан намын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн 8 хувийн, 5 хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна.
-Багануур, Налайх, Шарын гол зэрэг уурхайнуудаас нүүрс угааж гаргах аж ахуйн нэгжүүдээ дэмжих,
-Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул, хаяа хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,
-Сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч авах, маск зүүж гэр хорооллын айл өрхүүдээр явж утаатай танилцах гэх мэт аргацаасан, гал унтраах ажил хийхийн оронд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодит үр дүнтэй ажил хэрэгжүүлэх,
ГУРАВ: ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР
-60 тэрбумаар бүрдсэн байж болзошгүй Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйгүй МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй.
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хэлэлцүүлгүүд нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулиудыг зөрчсөн арга хэлбэрээр явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна.
-Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй,
-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгосон гэх төсөл нь шүүх эрх мэдлийн тогтолцоог улс төрийн намуудын гар хөл болгох, Ардын хянан шалгах хороо гэгч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийнхээ харгис байгууллагыг сэргээж, өөрсдийн хязгааргүй эрхээ хуулиар баталгаажуулахыг эрмэлзэн олонхдоо дулдуйдан Үндсэн хуульд гар дүрэхээр ханцуй шамлан дайрч байгааг эрс эсэргүүцэц байгаа зэргийг дурдсан байна.
НУУЦ.мн