.jpg)
Засгийн газрын хуралдаанаар батлагдсан Хятадын 350 сая юаны зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг та харж байна. Энэ жагсаалтанд өдгөө нийгмийн нэгдүгээр зэргийн аюул болоод байгаа утааны эсрэг авах арга хэмжээ нэг ч алга. Хотод хэдэн төсөл хэрэгжихээр заагдсан нь сайжирдаггүй алдарт “Туул Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д 51 сая доллар, нүхэн гарц гаргахад 40 сая доллар, хотын гудамжуудыг камержуулахад 30 сая долларыг тус тус зарцуулах гэнэ. Нэлээд хүчилж байж ойлгоход жагсаалтын эцэст хамгийн өднөр санхүүжилт буюу 285 сая доллар тавигдсан дэд бүтэц, авто замын багц төсөлд гэр хорооллыг дулаан бохирын шугам сүлжээнд холбох ажил орсон байж магадгүй. Гэтэл үгүй аж. 350 сая юаны дийлэнх хэсгээр хотын төв хэсэгт багтах Ногоон нуур орчимд түр оршин суух хороолол баригдахаар эцэслэн шийдвэрлэгджээ.
.jpg)
Орон сууц баригдаж байгаа нь сайн хэрэг ч манай “ухаантай” дарга нар нэг асуудлыг нөгөөгөөр нь бутцохиж хот төлөвлөлтийн маш алдаатай ээлжит нэгэн шийдвэрээ гаргалаа. Хотын төвөө орон сууцны барилгаар дүүргэдэг тэнэг шийдвэрийн Монголоос өөр ямар ч оронд гаргахгүй. Хот төлөвлөлтийн бодлогоор орон сууцны барилга нь хотын зах руугаа буюу суурьшлийн шинэ бүсэд баригдахаар тусгагддаг. Гэтэл ачаалал түгжрэлдээ хахаж байгаа Улаанбаатар хотын төвийн бүсэд ахин баахан орон сууцны барилга барихаар болжээ. Энэ нь тухайн үедээ тодорхой иргэдийг орон сууцжуулж буй боловч эргээд нийгэм эдийн засгийн олон асуудлыг бий болж хотод нэмэлт зохиомол хүндрэлийг үүсгэх аюултай юм. Хамгийн наад зах нь Ногоон нуур хавийн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэнэ. Автомашины түгжрэл нэмэгдэх нь гарцаагүй зүйл. Мөн Ногоон нуур хавь хөрсний ус ихтэй гэдгийг мэддэг баймаар юм. Энэ хавьд барилга тэр тусмаа орон сууц барих нь буруу агаад хөрсний усыг соруулахад маш их зардал гарч тэр нь эргээд барилгын өртөгийг нэмэгдүүлэх аюултай. Өндөр өртгөөр баригдсан орон сууцад орох иргэдийн нэлээд хэсгийх нь санхүүгийн боломж илт дутагдана. Ийнхүү зовлонгоо шийдэх гээд нэлээд хэдэн ачаа асуудлыг өөртөө нэмж байна.
НУУЦ.мн