Хятад захирал Лин Каньяан ЗТЯ-ны экс түшмэл, татварын байцаагчидад 14 САЯ төгрөгийн хахууль өгсөн хэргээс ...
Нийтэлсэн: 2017-12-19 01:59:09
.jpg)
Монгол түшмэдийн хээл хахуулын хэрэгт улсыг хохиролгүй болгох гэдэг нэгэн шинэ моод дэлгэрээд байна. Хахууль авч баригдсан ч хэргээ сайн дураараа хүлээж хахуульд авсан мөнгөө тушаах юм бол хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж болдог болжээ. Бүр албан тушаалдаа ч хэвээрээ үлдэж болохыг ЭМЯ-нд гарсан явдал баталлаа. Тэгвэл “Ордос Минкай”, МММ” гэдэг компаний захирал, хятад иргэн Лин овгийн Каньяан /Lin CayYan/-аас ЗТЯ-ны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Ж-гаар дамжуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч асан М.Т, Н.П болон Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах байцаагчаар ажиллаж байсан Н.П нар нь нийтдээ есөн сая төгрөгийн хахууль авсан хэрэг мөн ийм байдалд оржээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчид нь хэргээ сайн дураараа хүлээсэн, хахуульд авсан мөнгөө АТГ-д тушаасан тул гэм хор арилсан хэмээн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.2011-2015 онуудад “Ордос Минкай” нь 19 чиргүүл, “МММ” нь нийт 25 тээврийн хэрэгсэлийг Монголд оруулж иржээ. Дээрхи хүнд даацийн машин чиргүүлд их хэмжээний татвар хураамж ногдох байсан ч даацийг нь бууруулбал оногдох татварын хэмжээ буурах “арга” бас байжээ. Үүнийг яамны түшмэл Жагаахүү нь хийж өгсөнөөс үргэлжилэн татварын буруулах багасгах ажиллагааны эхлэл тавигдсан хэмээн хуулийн үзжээ. Тэрээр ЗТЯ-ны тээврийн хяналт, бүртгэлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн материалыг журамд заасан бүрдүүлэлт хийлгэн хянаж хүлээн авах, бүртгэлд оруулж, улсын дугаар, гэрчилгээ олгох үүрэг бүхий төрийн алба хаагч байв. Гэсэн ч “Ордос минкай” компаний нэрээр орж ирсэн 112 тоннын даац бүхий 18 ширхэг чиргүүлийн даацын хэмжээг 40 тоннын даацын хэмжээтэй гэж бууруулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгсөнөөр татвараас зайлсхийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Үүнийхээ төлөө хятад захирлаас иргэн Б.Баянмөнхөөр зуучлуулан Автотээврийн оношлогооны төвийн байрны гадаа 2.0 сая, дараа нь 3,0 сая нийт таван сая төгрөгийг авчээ. Хуулийн дагуу хятад компани нь 68 сая төгрөгийн татвар хураамж төлөхөөр байжээ. Энэ татварыг аргалуулахын тулд хятад захирал нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах байцаагч Н.П-д иргэн Ц.Бямбажаваар зуучлуулан 6.0 сая төгрөгийн хээл хахууль өгчээ. Харин Баянголын татварын байцаагч А.Э, М.Т нар нь “ММК” компанид оруулсан шалгалтаар илэрсэн зөрчилд тавигдсан нөхөн татвар, торгууль, алданги нийлсэн нийт 18.3 сая татварын өр төлбөрийг бууруулах зорилгоор яамны түшмэлээр зуучлуулан 3.0 саяыг авчээ. Хан-Уулын экс байцаагчийг хуульд заасан “Өөрийн хариуцсан хорооны татвар төлөгчийн талаарх судалгааг хийж бүртгэгдээгүй татвар төлөгчдийг илрүүлэн, татварт хамруулах, татвар төлөгчийн баазыг өргөтгөх” гэснийг гүйцэтгэхгүй байхаар урьдчилан амлаж, БНХАУ-ын иргэнээс хахууль авсан гэж ялласан бол Баянголын байцаагчдыг зөрчлөөр илэрсэн төлбөрийн хэмжээг 6.0 сая төгрөг болгон бууруулан акт тавьсны төлөө тус бүр 1.5 сая төгрөгийн хахууль авсан гэж ялласан. Мөрдөн байцаалтын шатанд татварын байцаагчид гэм буруугаа хүлээн зөвшөөрч хахуульд авсан мөнгөө АТГ-д тушаажээ. Экс түшмэл ч мөн авсан мөнгөө тушаасан байна. “Ордос минкай” компани Хятад дахь төвөөс Гэрэл гэх төлөөлөгч ирж компанийг татан буулгаад төлөгдөх ёстой байсан 100 гаруй сая төгрөгийн татварыг нөхөн төлжээ. Ингээд бүх зүйл сайн сайхнаар төгсөж амар сайхандаа жаргажээ.
