Увсын Засаг дарга Д.Батсайхан 200 МЯНГАН доллар төсөвд оруулдаг ТББ-ын ажлыг намын нэрээр булаажээ
Нийтэлсэн: 2017-12-14 03:02:03
.jpg)
Бүр захирлаар нь өөрийнхөө жолоочийг тавьж чадсан байна. Хэрэг явдал ийн эхэлжээ. Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны шийдвэрээр нэн ховор амьтан болох аргал Сагил, Бөхмөрөн сумдын 126772 га /267,72 км 2 / газартай уулыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн болон спорт аялал жуулчлал, агнуурын менежмент хөгжүүлэх нөөц нутгаар зарлаж орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Энэ газрыг Гулзат хэмээн нэрийдсэн байна. 2014 онд газрын хэмжээг нь нэмжээ. Дараа жил нь аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Ганболд, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Гансүх, Сагил сумын Засаг дарга Л.Санжжав, “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ядамжав нарын хооронд “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж аймгийн Засаг дарга нь баталжээ. “Гулзатын санаачилга” ТББ нь Бөхмөрөн, Сагил суманд 11 нөхөрлөл 570 гаруй гишүүнтэй, 197 малчин өрх хамрагдаж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн харуул хамгаалалтын хүрээнд аргалийн тоо толгой тогтвортой өсч 2004 онд 340 аргаль 2016 онд 2000 толгойд хүрчээ. Гэрээний дагуу “Гулзат” ОНХГ-ын агнуурын менежментийн төлөвлөгөөг тус ТББ-д хариуцуулсан нь аймгийн шинэ удирдлагын арааны шүлсийг гойжуулжээ. БОАЖЯ-наас авсан хувирарын дагуу жилд 10 хүртэл угалз агнуулж 200 мянга гаруй долларыг төлбөр хураамж хэлбэрээр орон нутагт өгдөг нь “шимж" болох төрийн өмчит том компаниас ч мөлжүүртэй гэдэг нь тодорхой байв. Ингээд Ардын намын засаг дарга Д.Батсайханы овоо хараанд оржээ. Дээрээс ирсэн шахалтаар Сагил, Бөхмөрөн сумын Засаг дарга “Гулзатын санаачилга” хамтран ажиллахгүй гэжээ. ТББ-ын Удирдах зөвлөлд орсон МАН-ын гишүүдийг өөртөө татах ажиллагаа явуулжээ. Улмаар шахалт дарамт чангарсаар ИТХ-ын дарга байх үеэс нь найман жил жолоочоор ажилласан З.Барсүрэнгээ “Гулзатын санаачилга”-ын гүйцэтгэх захирлаа томилуулжээ.
.jpg)
Гүйцэтгэх захирлыг хууль бусаар томилсон гэх маргаан дэгдэхэд дүрмийн дагуу сонгон шалгаруулалт явуулах болж Д.Батсайхан арга буюу хүлээн зөвшөөрчээ. Ингээд 2-р сарын 20-ны өдөр болсон “Гулзатын санаачилга”-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж нийт зургаан хүн оролцсон агаад “гай” болоход жолооч нь унаж олонхийн санал авч чадалгүй ялагджээ. Удирдлагыг нь “хуулийн дагуу” авах гээд бүтэлгүйдсэнд Засаг даргатан шууд төрийн “төмөр нударга”-ыг харуулж эхэлсэн байна. Энэ ажиллагааг Засаг даргатан өөрийн биеэр очиж зохион байгуулсанаас үзэхэд 200 мянган долларын хураамж төлдөг байгууллагад ямар их шунасныг нь харуулж байна. Сонгон шалгаруулалт болсоноос хоёр хоногийн дараа Засаг дарга Бөхмөрөн суманд очиж МАН-ын гишүүдийг цуглуулж “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ыг байгуулаад жолоочоо гүйцэтгэх захирлаар нь томилжээ. Үүнийг мэдсэн “Гулзатын санаачилга”-ынхан очиж уулзан эсэргүүцэхэд Засаг дарга “энэ бол нам мэддэг асуудал, та нарт хамаагүй” гээд гаргажээ. Аймгийн төвд ирээд АН-ын засаг дарга Д.Цэндсүрэнгийн баталсан “Гулзатын санаачилга” ТББ-д “Гулзат" ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцуулах хамтын ажиллагааны гэрээг шууд цуцалж оронд нь шинэ байгуулагдсан “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах эрхийг олгосон захирамжийг тэр дор нь гаргажээ. Ийнхүү Засаг даргатан мөнгө ихтэй ТББ-ыг улаан цагаан дээрэмдэж өөрийн хяналтанд авчээ. Гэхдээ намынхаа удирдамжаар хийсэн гэдгээ олон нийтэд илчилжээ. Жолоочийх нь байгуулсан шинэ ТББ энэ жилийн агнуурыг зохион байгуулах гэж баахан бүтэлгүйджээ. Ангийн компаниуд 45 хоногийн хугацаанд ирж есөн угалз агнаснаас буруу цагт агнуур зохион байгуулсан гэнэ. Огт агнах ёсгүй тойруул хэмээх угалзыг “Эбон” гэх компани агнасан ноцтой хэрэг дэгджээ. Хамгийн сүүлчийн угалзыг агнахаар ирсэн Туркын компанид инчийн хэмжээг худлаа зааж өгсөнөөр гадаадад Монголын ан агнуурын нэр хүндийг унагажээ. Эцэст нь ингэж шившгээ дэлгэж байна. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан намын нэр барьж мөнгө ихтэй ТББ-ыг булааж байгааг хотод суугаа намын дарга У.Хүрэлсүх, ТНБД Д.Амарбаясгалан нар нь мэдэж байгаа эсэх нь сонин. Эсвэл төвөөс ирсэн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил уу... Тусгай хамгаалалттай газрыг хамгаалдаг ТББ дээрэмдүүлсэн хэрэгт Увсаас төрсөн алдартны нэг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэрхэн хандах бол ... Мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөх хүн бололтой. Ийнхүү алдарт 60 тэрбумын халдвар баруун аймагт хүрчээ. Тэнд мөнгөтэй юм бүхэн Ардын намын тээрэмд “тээрэмдүүлж” байна.
НУУЦ.мн
