.jpg)
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлагнасан юм. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжид хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУНТАЙ ярилцлаа.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ жил ямар ажил зохион байгуулсан бэ?
-Энэ онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн хяналт шалгалтын хуульд заасан чиг үүргийнхээ дагуу архи, согтууруулах ундаа, түүнийг үйлдвэрлэж буй газар, хоол хүнс үйлдвэрлэж байгаа газар, нийслэлийн найман товчоонд хяналт, шалгалт хийж нэлээдгүй зөрчлийг илрүүлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод найман товчоо бий. Эдгээрээс гадна Ар гүнт, Тэрэлжийн зам тэргүүтэй хулгайн дөрвөн зам бий болсон. Эдгээр замаар орон нутгаас мал, малын түүхий эд, хууль бус ан агнуур, жимс жимсгэнэ оруулж ирэх тохиолдол газар авч байна. Энэ жил найман товчоон дээр гэхэд 801 зөрчлийг илрүүлж 230-ийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд чоно, ногтруу, тарвага зэрэг хууль бус ан ангуурын бүтээгдэхүүн оруулж ирэх гэсэн оролдлого нэлээдгүй байлаа. Мөн хуш модны самрыг болц нь гүйцээгүй байхад түүж их хэмжээгээр оруулах тохиолдол гарсан. Бас ой модыг сүйтгэж хууль бусаар мод бэлтгэх тохиолдол олширч байна. Сүүлийн үед үнэт чулуунуудыг нийслэл рүү оруулж, экспортлох гэсэн гэмт хэрэг гарах боллоо.
-Архи, согтууруулах ундаанд хийсэн шалгалтаар ямар зөрчил илрүүлэв?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 14194 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад нийт 5514 зөрчил илрүүлж 3967 буюу 71.9 хувийг нь арилгуулж 136 сая орчим төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 152 байгууллагын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг албан тоотоор хүргүүлж, шийдвэрлүүлсэн. Шалгалтын үр дүнд Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй спирт, архи, ликёрын, шар айрагны 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна. Мөн хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4663 шил буюу 92 гаруй сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэр төрийн 4552 шил, 31 гаруй сая төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоосон.
-Нэг төрлийн архинд өөр шошго нааж борлуулах тохиолдол гарсан гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Шалгалтаар зарим архины үйлдвэрт үйлдвэрлэж байсан архи стандартын төвшинд хүрээгүй. Мөн хаяг шошго тодорхойгүй байсан зөрчил нэлээдгүй илэрсэн. Тодруулбал, “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус гэж бичсэн ч лабораторийн шинжилгээгээр хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлээгүй гэсэн үг. Ийм архинд хатуулгын чанар нь бага, донтуулах бодисын хэмжээ их байдаг. Одоогоор архи, согтууруулах ундаанд хордсон гомдол, санал бага байгаа ч архинд донтсон тохиолдол олширч байна. Судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн дүн гарсан. Энэ нь архи, согтууруулах ундаанд донтуулах бодисын агууламж их байгаатай холбоотой. Шинжилгээгээр архины үйлдвэрүүд хатуулаггүй, донтуулах бодис их хэмжээгээр агуулсан архи үйлдвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн. Мөн үйлдвэрүүд цагаан архийг нэг стандартаар үйлдвэрлэж байгаа ч шошгыг нь олон төрлөөр хэвлэн борлуулах тохиолдол гарч байна. Стандартын үйлдвэрүүд нэг төрлийн архиа сайжруулж, өнгөтэй гаргах асуудал бий. Энэ нь архи үйлдвэрлэгч компаниудын бизнесийн нэг арга гэж хэлж болно.
-Үүнд хуулийн зохицуулалт байдаггүй юм уу?
-Хууль эрх зүйн хувьд бид лаборатарит шинжлүүлээд цагдаагийн байгууллагад шилжүүлэх л үүрэгтэй. Цагдаагийн байгууллага үүнд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлдэг процесстой. Тиймээс хууль эрх зүйн орчинд анхаарах цаг болсон гэж бодож байна. Мөн сүүлийн таван жилд улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо нэмэгдээгүй ч худалдаа, үйлчилгээний газрын тоо нэмэгдсээр байгааг анхаарах шаардлагатай. Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчдог болсноор хатуулаггүй архи оруулж ирж байна. Бас өндөг, жимс, жигнэмэг зэрэг хүнсий бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж байна. Эдгээр бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд эерэг сорьцтой гарсан. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангаагүй гэсэн үг. Тиймээс иргэдэд импортоор гарал үүсэлгүй, гар тээшээр оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
-Шинэ жил болох дөхөхөөр гэмт хэргийн гаралт нэмэгддэг талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан. Баярын үеэр танай байгууллага хэрхэн ажиллах вэ?
-Шинэ жилээр караоке, бар, цэнгээний газарт хүлээн авалт зохион байгуулдаг. Хүлээн авалтад хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил гардаг. Мөн тавиур дээрээ стандартын архи өрчихөөд хуурамч архи зардаг нь асуудал дагуулдаг. Хүнсний дэлгүүрүүд шинэ жил болохоор хугацаа дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боодог. Шинэ жил дөхөхөөр энэ мэт зөрчил нэмэгддэг. Тиймээс бид иргэдэд аль болох стандартад нийцсэн, хаяг шошготой бүтээгдэхүүнийг худалдан авч, ил задгай худалдаанаас бараа авахгүй байхыг зөвлөж байна.
-Зөрчилтэй эмийн бүтээгдэхүүн илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“Мөнгөн гүүр” эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэж шалгаж байна. Мөн БНСУ-ын иргэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй гоо сайхны зориулалттай хоёр эмийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэж байсан 120 ширхэгтэй 6670 ам.долларын үнэтэй эмийг хураасан.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ