
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулган эхэлснээс хойш гурав дахь хоригоо тавилаа. Эхнийх нь, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохгүй байх, дараачийнх нь, 2017 оны төсвийн тодотголд тавьсан хориг. Гурав дахь нь, 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт тавьсан хориг болж байна. Уг зарлагийн тухай Ерөнхийлөгчийн хоригт “Төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний гурван тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой” гэжээ. Үнэхээр ч УИХ-ын гишүүн бүрд ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хуваарилсан. Улмаар орон нутгийг хөгжүүлэх санд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд голчлон зарахаар тус бүр долоон тэрбум төгрөг суулгаж өгөөд буй. Ийм их мөнгөө гарын салаагаар урсгаж буй мөртлөө татварын нэмэгдлээр өөвөр, цөөвөр мөнгө төсөвтөө татахаар төсөөлсөн нь үнэхээр ч шүүмжлэх асуудал. Гол нь зарлагаа багасгах чиглэлд оновчтой аргаас бултаж буйг Ерөнхийлөгч шүүмжиллээ.
НУУЦ.мн