.jpg)
АСЕМ-ын үеэр цацагдсан асар их мөнгөний араас аудит хуулийнхан оржээ. Ц.Элбэгдоржийн уриалан хийлгүүлсэн энэ арга хэмжээний үеэр асар их мөнгө угаагдсан байж болзошгүй тухай дээр дооргүй ярьсаар удсан. Энэ арга хэмжээг Ховдынхон найруулсан гэхэд болно. Төрийн тэргүүн нь энэ аймгийх, түүний баруун гар гадаад бодлого,аюулгүй байдлын зөвлөх А.Баттөр, ГХЯ-ны ДБҮААГ-ын дарга байсан О.Заяамандах мөн Ховдых. АСЕМ-ийг зохион байгуулахаар Үндэсний хороо, Үндэсний зөвлөл, олон тооны ажлын алба байгуулагдсан. Үүнээс хамгийн гол эрх мэдэлтэй нь Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, түүний санхүүгийн албаны дарга хоёр байсан. Харин дараа нь Хятадад элчин сайдаар томилогдсон Д.Ганхуяг нь санхүүгийн албаны хүнээ хамт аваад явсан. АТГ эдгээр албан тушаалтнуудаас байцаалт авах нь зүйтэй юм. АСЕМ-ийнхан асар их эрх мэдэлтэй байсан. Үүнийг тэдгээрийн үйл ажиллагааны далайц хүрээ харуулдаг. Ямар далайцтай явагдсаныг нь аудитын дүгнэлт харууллаа. АСЕМ-д нийт 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөснөөс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Харин санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Бараг зарцуулсан гурван төгрөг бүрийн хоёр нь алга болжээ. АСЕМ-ийн үйл ажиллагаандд ГХЯ, ДБҮААГ-ынхан сайн дурынхан гээд олон хүн оролцсон. Өдгөө яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа Н..Анхбаяр хүртэл тухайн үед Их дэлгүүрээс агааржуулагч ачин “Чингисийн хүрээ”-нд хүргэх тушаал биелүүлээд явж байсан гэдэг. Энэ үеэр маш замбараагүй худалдан авалт асар олон хийгдсэн. “Шангрилла”-д дэвсэх хивсийг Нарантуулын том наймаачны Дамбадаржаа дах агуулахаас очиж авч байсан. АСЕМ-аар Хятадаас 60 чингэлэг 53 хаусын тавилга хэрэгсэл, дээд зэрэглэлийн зочид буудлын 246 өрөөний тавилга хэрэгсэл, хурлын орчуулгын 16 өрөөний техник хэрэгсэл, гал түймэр унтраах хэрэгсэл, цагдаагийн хэрэгсэл, хурлын төв танхим болон зургаан хуваарьт танхимын ширээ, буйдан, тайз зэрэг бараа бүтээгдэхүүн ирсэн.
(2).jpg)
Ирсэнийг нь АСЕМ-ийн зочдыг байрлуулах зочид буудлуудад өгөөгүй. Бараг хэлээгүй гэдэг. Тэр үед яаманд “Ховдын ховдогууд” гэдэг яриа гарсан байлаа. Гэтэл ховдог гэж алдаршсан хүмүүс бараагүй гэхээр ямар их тавилга ирсэн нь ойлгомжтой. Бүр АСЕМ-ын тухай магтаж сайшааж твиттер зэрэг цахим орчинд жиргэгчид хүртэл хятад тавилгаас хувь хүртсэн гэнэ. Барагдахгүй их тавилга байгааг яамны шинэ удирдлага Ц.Мөнх-Оргил анзаарч нь 200 ширхэг сэрүүцүүлэгч эмнэлэгт тараан “хөөрхөн” шоу хийгээд авсан ч дундраагүй. Үлдсэн тавилгыг нь “Уран ган” компаний агуулахад сард 16 орчим сая төгрөг төлж хадгалуулж ирсэн. Өдгөө АТГ-ынхан яамны ТНБД байсан Д.Ганхуяг, ДБҮААГ-ын дарга асан О.Заяамандах гээд ГХЯ-ны томчуудын зуслангийн байранд үзлэг хийх хэрэгтэй. Энэ тавилгаас Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ч хувь хүртсэн шуугиан дэгдсэн. АСЕМ-ийн үйлчилгээнд явсан ганц гайгүй "бэнзийг" ДБҮААГ-аас балансаас балансад шилжүүлж аваад одоо унаж байна. Хятадаас шинэ тавилга ирсэн нэрийдлээр “Дипломат -95”-ын зочид буудлын өрөөнүүдийн хуучин тавилгуудыг гаргаж чингэлэгт хийснийг нь нэг шөнө крантай ирээд ачаад явчихсан. АСЕМ-ийн хэрэг явдалтай холбоотойгоор шалгаж үзэх хэрэг бол төрийн өмчийн “Дипломат-95” цогцолборын хувьчлал юм.
(1).jpg)
Өмнө нь түрээсийн дүүргэлт нь бараг 100 гаруй хувьтай, жилд улсад түрээсийн орлогоороо гурван тэрбум гаруй төгрөг өгдөг байсан энэ байрыг Л.Пүрэвсүрэн ГХ-ийн сайд, О.Заяамандах ДБҮААГ-ын дарга байх үед 2016 оны 5-р сард Засгийн газрын тогтоол гаргуулан “оршин суугчидад” нь хувьчилсан. Гэтэл тэр үед байранд нь оршин суугчид гэж байгаагүй. Бүх түрээслэгчдийг АСЕМ-ийг сурвалчилах 1000 сэтгүүлч оруулна гэх нэрийн дор тог усыг нь тасласаар 3-р сарын 1 гэхэд хөөгөөд гаргачихсан байсан. Ийнхүү “Ховдын фракц”-ынхан гэж алдаршсан нөхөд хоосон байрыг байхгүй оршин суугчидад нь “хувьчилсан”. Орон сууцны 80 байрын 60-ыг нь ГХЯ, үлдсэнийг ДБҮААГ-ынхан үнэ төлбөргүй хуваан авсан. Байр хуваалтын өрмийг нь дарга нар хусамыг нь ажилчид хүртсэн. Ганц хоёрхон үйлчлэгч тогоочид халхавч болгон байр хувиарлаад үлдсэнийг нь дарга нь хуваан авсан. Насаараа төрд ажилласан хүнийг оруулаагүй атлаа ажилд ороод 1-2-хон сар болсон хүнд байр өгсөн явдал олноороо гарсан нь одоо ч хэл ам татсаар байна. Дарга нарын жолооч нарт байр их өгсөн. Гэхдээ тэднийг байраа гадаад томилгоогоор “тулсан” гэх яриа тэр дороо л гарсан. Дарга нар жолоочдоо байр өгөхдөө дараа нь гадаад томилуулах тохироо хийсэн гэнэ. Харин гадаад томилгоо авсан жолооч нь явахдаа байраа даргадаа буцаан өгөх үүрэг хүлээжээ.. “Дипломат-95”-аас байр авах жагсаалтад орох эрх 5000 доллар хүрсэн тухай хардлага яриа ч гарч байсан.
НУУЦ.мн