Philadelphia Inquirer-д мэдээлснээр Нью-Жерси мужийн Бордертаун хотын Кейт МакКлюр гэдэг 27 настай бүсгүйн машины шатахуун Филадельфи хот орох “I-95 -р замын тэг дунд дууссанаар энэ түүх эхэлжээ. Ийнхүү үдшийн 11 цагийн үед хөдөө хээр ганцаараа хаягджээ. Ойрын ШТС хүртэл 10-аад км зайтай байжээ.
-Би яах юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байлаа. Найз залуу Марка Д’Амико руугаа залгахад угтахаар гарлаа гэсэн. Гэтэл иртэл бас л удна-
Гэнэт түүний машины цонхыг сахал үсэндээ баригдсан эр цохиход бүсгүй айжээ.
Гэсэн ч гэнэтийн зочин айх зүйлгүй гэж итгүүлсэнд бүсгүй цонхоо нээж аргагүй байдалд орсоноо хэлжээ. Нөгөө эр машинаасаа гаралгүй хүлээж байхыг хэлээд шатахуун авчирч өгнө гэжээ. Нэлээд удсаны дараа тэрээр савтай шатахуун барьсаар гүйхээрээ иржээ. Баярлаж гайхсан бүсгүйд 20 долларын шатахууны үнийг нь төлөх мөнгө байсангүй ч заавал буцаж ирж мөнгийг нь өгнө гэж амлажээ. Ингээд хөдөлжээ. Шатахуун авчирч өгсөн эр бүсгүйн тааамагласнаар тэнэмэл хүн байжээ. Жонни гэх тэрээр ШТС-ын дэргэдэх гүүрэн дор амьдарч зам дагуу эргэлддэг. Мөн 20 доллар нь түүний сүүлчийн мөнгө байжээ. Маргааш нь бүсгүй найз залуугийн хамт нөгөө газраа ирж орон гэргүй эрд мөнгийг нь буцааж өгчээ. Түүнээс хойш тэр хавиар явах бүрдээ Жоннид идэх юм эсвэл бага сага мөнгө өгсөөр дотно танилцжээ.
Тэнэмэл эр ч өөрийнхөө тухай ярьжээ. Түүний бүтэн нэрийг Жонни Боббит гэдэг, 34 настай, Хойд Каролина мужаас иржээ. Өмнө нь тэнгисийн явганы цэргийн ангид галт зэвсгийн техникчээр ажиллаж байжээ. Улмаар цэргийн эмч болохоор төлөвлөж байсан гэнэ. 2014 онд өөрийн цахим хуудсандаа цэргийн эмнэлгийн нисдэг тэргийн хажууд авахуулсан зургаа оруулжээ.
Байгаа бүхнээ алдахаас өмнө ажилтай, орон гэртэй нэгэн байжээ. Нохойтойгоо хамт авахуулсан зургийг 2016 оны 6-р сарын 25-нд цахим хууудсандаа оруулаад тэрнээс хойш гудамжинд гарчээ.
Өдгөө тэрээр ажил, орон гэрээ алдсандаа хэнийг ч биш харин өөрийгөө л буруутгадаг.
-Би өөрийнхөө алдаанаас л болж ийм байдалд орсон. Энэ бүхэн өөрөөс маань л болсон-
Өдгөө тэрээр гүүрний дор амьдарч байгаа ч бие муутай хоёр ч орон гэргүй хүнийг хажуудаа аван асарчээ. Залуу хосын өгсөн хувцас хунарыг нөгөө хоёртоо өмсгөсөн байсан гэнэ. Энэ мэт шударга бас тусархаг зан нь Кейт Марк хоёрт таалагджээ.
-Бид буцах замдаа энэ хүний амьдрлыг хэрхэн өөрчилж болох тухай ярилцсан. Тэр дороо л GoFundMe сайтаар дамжуулан ажиллахаар шийдсэн-
Ингээд уг сайтад нэр дээр нь данс нээж бүртгүүлэн гарааны хөрөнгө бүрдүүлэх ажилдаа оржээ. Кейт хөдөөний замд харанхуй шөнө шатахуун нь дууссан үед тусалсан тэнэмэл эрийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Мөн түүний амьдралаа эрс өөрчлөх гэсэн хүсэл зоригийх нь тухай ч өгүүлжээ. Тэд босгох мөнгөний хэмжээг 10 мянган доллар гэж тооцоолсон. Гэтэл 11-р сарын 10 гэхэд Кейтийн оруулсан түүхэнд сэтгэл нь хөдөлсөн хүмүүс мөнгө хандивласаар 120 мянган долларт хүрчээ.
Марк ч Жоннид бүрэн итгэж байгаагаа өгүүлжээ.
-Тэр алдаа гаргасан. Нэг алдаа нь дараагийн алдаа руу нь түлхсээр ийм байдалд орсон. Өдгөө түүнд амьдралаа зөв тийш өөрчлөх жаахан түлхэлт хэрэгтэй. Бид туслаад өгвөл хөл дээрээ дорхноо босно-
Жонни санхүүгийн боломжоо бүрдүүлж чадвал Нью-Жерси мужийн Роббинсвилле хотод төвхнөж тэндхийн Amazon- ы агуулахад ажилд орохоор төлөвлөж байгаа ярьжээ. Кейт үүнийг нь дэмжсэн байна
-Жонни ямар байдалд орсоноо маш сайн ухаарсан. Энэ байдлаасаа гарахын тулд юу хийх ёстойгоо ч сайн мэдэж байгаа. Гэхдээ юу ч үгүй тэрээр ганцаараа яаж ч чадахгүй. Иймд та бид л туслах ёстой болоод байна-
Ийнхүү 20 долларын сайн үйлсийнхээ төлөө тэрээр амьдралаа бүрэн өөрчлөх гарааны 110 мянган доллартой болжээ. Кейт Марк нарын тооцоолж байгаагаар энэ нь 5-6 сарын байрны түрээс, боломжийн машин худалдан авах болон бусад урсгал зардалд бүрэн хүрэх гэнэ. Энэ хугацаанд Жоннийг ажилд орж чадна хэмээн итгэж байгаа аж.
NUUTS.mn