.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба тэдгээрийн Монгол дахь нөлөө”, Швейцарийн Авилга ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос “Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдвээр тус тус лекц уншиж байгаа юм. Уг сургалт, хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэллээ.
-Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.
-Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg” санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ.
-Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг бидний өмч юм байна гэдгийг хэлж өгсөн. Яахаараа А4 цаасны хэмжээтэй лицензээр үүнийг 30 гэр бүл өөртөө авч хэрэглэдэг юм бэ. Ядаж мөнгийг нь оруулж ирээч ээ гэдэг хүсэлт тавьсан.
-Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа.
-Ерөнхийлөгчийг Монголын ард түмний олонхи нь сонгосон. Одоо энэ мөнгийг оруулж ирнэ ээ, төрийн байгууллагууд аа.
НУУЦ.мн