.jpg)
Сүүлийн өдрүүдэд МАН-ынхан Д.Хаянхярваа гишүүнийг өнөөгийн хямралт нөхцөлд намын дарга болох нь хамгийн зөв хэмээн үзэж дэмжих болсон байна. Энэ нь ч бас үгүйсгэгдэшгүй үндэслэлтэй юм. МАН-ыхан У.Хүрэлсүхэд дургүйдээ түүнийг намын даргад тохиромжгүй хэмээсэн хэрэг биш. Харин доорхи 2 шалтгаан нөлөөлсөн хэмээн улс төр судлаачид бидний зүгээс дүгнэж байна.
МАН-д тулгараад байгаа эн тэргүүний зорилт бол 33,32-ын бүлгийн эв нэгдлийг хангах. Эс тэгвээс хагарал улам гүнзгийрч МАН-ын ирээдүйд нөхөж баршгүй хохирол учрах нь тодорхой. Иймээс 2 бүлгийг нэг болгон зангидаж чадах хүн нь цул нэгдмэл байсан 65-ыг 33,32 –оор нь хуваасан Хүрэлсүх байж яагаад ч таарахгүй. Энэ бол хэнд ч ойлгомжтой энгийн логик. Энэ энгийн үнэнийг МАН шиг том намынхан ойлгохгүй байна гэвэл дэндүү худлаа болно. Харин дээрх зорилтыг улс төрийн ноён нуруутай, хэт туйлширдаггүй, 2 бүлгийн аль алины дэмжлэгийг хүлээж чадах намын дарга л гүйцэтгэж чадах нь мэдээж.
Ерөнхий сайд, намын дарга хоёрыг нэгтгэх нь зөв хэмээсэн өөрт ашигтай ганц хандлагыг У.Хүрэлсүх өөрөө улам бүр алдсаар байна. Энэ үйл явц улам гүнзгийрэх магадлал маш өндөр. Ж.Эрдэнэбатыг буруутгасан тэрээр түүний зовлонг анхнаасаа эдэлж эхэлсэн. Бусдын үгээр боловсон хүчний томилгоо хийсэн гэсэн буруутгал мэргэжлийн засгийн газрыг огцруулах хамгийн том үндэслэл болсон. Гэтэл Хүрэлсүх бас л өөрийн дураар биш өөрийг нь ЕС болгохгүй гэсэн хүмүүс буюу шинэчлэлд саад болж байгаа хүмүүсийг өөрийн танхимдаа авсан. 60 тэрбумынхан хэмээн олон нийтэд ойлгуулсан М.Энхболдын фракцид 6 сайдын суудал өгсөн. Ингэхээр тэр шинэчлэгч үү эсвэл...Түүгээр ч зогсохгүй намын нөхөд нь сануулж, олон түмэн эсэргүүцсээр байтал өчнөөн олон фактын эзэн Ч.Хүрэлбаатарт улсын сан хөмрөгийн түлхүүрийг атгуулсан. Энэ шинэчлэл үү эсвэл...
Дөнгөж томилогдонгуутаа багш нарт өгөх нэг ч төгрөг байхгүй гэж хэлж байсан нь худлаа болж нийгмийн эсэргүүцлийг “дарж” төрийн албан хаагчдад 300.000 төгрөг тараах болсон. Сайд нар нь нэг асуудалд өөр өөр байр суурьтай байгаа нь Хурцын томилгоо, Боловсролын сайд нь ЕС-ынхаа үгийг үгүйсгэж багш нарын цалинг 30% хувь нэмнэ гэж амласан амлалтаасаа ганц хоноод буцсан зэргээс харагдаж байна. Ж.Мөнхбаттай хэрэлдэж хулгайч, авлигач хэмээснээ одоо болтол баримтаар нотлоогүй зэрэг арваадхан хоногт арав байтугай алдаа гаргасан. Энэ бүхэн нь одоогийн нөхцөлд намын дарга, Ерөнхий сайдын албыг энэ удаа лав хавсруулаад хэрэггүй гэсэн дүгнэлтэд МАН-ыг хүргэсэн бололтой. Энэ дүгнэлттэй улс төр судлаачид санал нэгтэй байгаа учир энэхүү нийтлэлийг МАН-ын гишүүд болон олон түмэнд хүргэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Улс төр судлаач Ц.Хангай.