У.Хүрэлсүх ЯАГААД Б.Хурцыг элчин сайдад томилсон бэ ... ?
.jpg)
Хурцын асуудал улам хурцадлаа. Өдгөө түүний элчин сайд болох эсэх нь бус харин юу цаашаа ярих бол гэдэг нь сонин болсон. Улстөрийн хүрээнийхэн яриулах болиулах гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа. Ардын намын 32-ын бүлэг болон АН-ын тодорхой хэсэг амыг нь хамхих санаатай байна. Харин О.Баасанхүү, Ардын намын бас зарим хэсэг үйл явдлыг үргэлжүүлэх хүсэлтэй байна. Болсон явдалтай холбоотойгоор Ж.Батзанданд “баасаараа” дуудуулсан О.Баасанхүү “Хурц шоронд орох нүгэл үйлдсэн байж болно. Гэхдээ түүнийг устгаснаар хэн ч хожихгүй. Харин түүний ард байгаа нөхдийг ил болгож хариуцлага тооцсоноор бид хожих болно” гэв. Харин Ардын намын Л.Оюун-Эрдэнэ “....Энэ үнэн бол сархад савнаасаа хальж байна шүү! Томилогдож байгаа субьект, томилж байгаагаа занилхийлдаг ёс ардчилсан тогтолцоонд үгүй шүү!!!” гэв. Гэхдээ тэрээр хэн Б. Хурцыг элчин сайдад дэвшүүлэх ажиллагааны салхи хагалсаныг мартжээ. Тагнуулын экс даргыг Засгийн газар БНСУ-д суух элчин сайдад томилох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх эхлэлийг нь тавьсан. Хэрвээ хоёр гуравхан сарын өмнө болсон үйл явдлыг эргэж санавал ингэж хөл алдмааргүй л байсан. Ардын намд дотоод хагарлын дайн ид дэгдэж байхад даарин дээр давс нэмсэн үйл явдал болсон нь “Херо” Баатар, У.Хүрэлсүх хоёрын ярианы бичлэг задарсан. Энэ бичлэгийн “ачаар” У.Хүрэлсүх урвагч бас Топор гэдэг хочтой болсон. Бичлэг задарсаны дараа “Херо” Баатар тагнуулаас цацсан хэмээн буруутгасан. Тэр үед тагнуулын дарга нь Б. Хурц байсан. Тагнуулынханд үүнээс илүү бичлэг байсан бололтой. Ингээд л У.Хүрэлсүх гадаадад элчингээр томилж холдуулсан гэх гаргалгаа гарч байна. Тэрээр ер нь улстөрийн өрсөлдөгчид, таагүй нэгнээ “цөлөх”, “холдуулах” дуртай гэдэг. Б.Хурцыг элчинд томилуулах асуудал Засгийн газрын хурлаар орж байхад Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж Ж.Батзандан шиг эсэргүүцээгүй. Үүний шалтгаан нь Эрдэнэтийн 42 сая долларын шахаа байсан байж болох юм. Өдгөө “бөлдөгдүүлсэн” “бөлдөгдүүлээгүй” гэх улстөрчдийн нэрс яригдаж байна. Элчин сайдад томилж байдаг У.Хүрэлсүх нь “бөлдөгдүүлсэн” байх өндөр магадлалтай байна. Л.Болдын зэвсгийн наймааг илчилсэн байнгийн хорооны хуралдаан дээр О.Содбилэг "яагаад ийм их асуудалтай хүнийг элчин сайдад нэр дэвшүүлж байна вэ" гэхэд ГХ-ийн сайд Д.Цогтбаатар тодорхой хариу хэлж чадаагүй. Хэрэг явдал хурцадсаар Б.Хурц ч ялж магадгүй нөгөө тал нь ч дийлж магадгүй нөхцөл байдал үүсжээ. УИХ энэ томилгоог дэмжсэн ч БНСУ-ын тал хүлээж авахгүй байх талтай. Учир нь Ж.Батзандангийн талынхан тагнуулч эрийн намтраас нь дэндүү их зүйл дэлгэчихлээ. Хэрвээ томилогдож чадахгүй бол Б.Хурц “цаашаа ярьж” мэднэ. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн шахаа, Хойд Солонгостой хийсэн зэвсгийн наймаа, “Херо” Баатарын бичлэг гээд ... Олон нийт үүнийг л хүсэж байна. Улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг бид баримттай мэдмээр байна. Иймд Б.Хурц та цаашаа ярина уу ....
