Өмнөд Африкийн БНУ-ын олон сургууль манайх шиг задгай жорлонтой гэнэ. 2014 оны 2-р сард нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай Майкл Комапын ээж Розина руу сургуулийн захиргаанаас залгаж хүү нь алга болсон тухай мэдэгджээ. Сандарсан ээж нь тэр дороо сургууль дээр нь ирж эрж хайжээ. Хүүгээ хайх үед сургуулийн багш ажилтнууд гадаа байдаг задгай жорлонд оруулахгүй байсан гэнэ. Харин ээж нэг сурагчаас хүү нь жорлонд унасан болохыг асууж мэджээ. Задгай жорлонг шалгахад нэгэнд нь дүүрэн шахуу бохирын дундаас хүүхдийн гар цухуйж харагджээ.
Ээж нь өөрийн биеэр хүүгээ гарган авсан агаад нэгэнт амиа алдсан байжээ. Сургуулийн ажилтнууд хүү жорлонд унасаныг мэдсэн ч гаргаж аваагүй цаг алдсан нь дараа тогтоогджээ. Розинаг хүүгээ оршуулахад ангийх нь сурагчид ирсэн ч сургуулийн захиргаанаас нэг ч хүн ирсэнгүй.
Болсон явдалтай холбоотойгоор уучлал ч гуйгаагүй гэнэ. Харин хүү унаж амиа алдсан жорлонгуудыг булж шинээр өөр газар ухаж жорлон хийсэн аж. Энэ явдлаас хойш эмэгтэй хүүгийнхээ амийг нэхэн сургуулийн захиргаа болон мужийн боловсролын газартай гуравдахь жилдээ заргалдаж байгаа аж. Өмнө нь тэрээр уучлал гуйхыг л шаардаж байсан бол өдгөө өөрийг нь нэг ч удаа хүлээж авч уулзаагүй, уулзахаас ямагт зугтаж ирсэн сургуулийн захиргаа болон боловсролын газрын дарга нараас 200 мянган долларын нөхөн төлбөр нэхжээ.
NUUTS.mn