
Vk.com-д өв залгамжлалын тухай итгэмээргүй явдлыг нийтэлжээ.64 настай кинопродюссэр, саятан Роджер Доркас (Rodger Dorcas) хамгийн сүүлд гэрлэсэн 24-тэй залуухан жүжигчин Уэнди Дитрих (Wendy Dithrih) гэдэг эхнэртээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд таагүй хандах болжээ. Учир нь 55 сая долларын хөрөнгөнд нь болж суусан бүсгүй үхлийг нь тэсэн ядан хүлээж байгаа нь илт мэдэгдэх болжээ. Үнэндээ найруулагчид хоёрхон хайртай “амьтан” байсан нь эхнэр нь бас Максимилиан (Maximilian) гэдэг нохой нь байжээ. Ингээд хоёр хайртынхаа нэгийг буюу нохойгоо сонгожээ. Саятан бүх хөрөнгөө эхнэртээ өгөхгүйн тулд нарийн арга сэджээ. Эмч нар ч зүрхний хүнд өвчтэй түүнд багахан хугацаа үлдсэнийг сануулсан тул яаравчилжээ. Ингээд удтал бодсоны эцэст нохойныхоо нэр дээр банкинд данс нээжээ. Мөн нийгмийн даатгалын дэвтэр нээлгэж холбогдох бүхий л баримт бичгийг бэлтгүүлсэн байна. Ингэснээр нохой нь амьтан боловч бичиг баримтаараа Максимилиан гэдэг иргэн хувь хүн болж хувирчээ. Үүний дараа эхний удаад дөрвөн сая доллар дансанд нь хийжээ. Энэ мэтээр шилжүүлсээр бүх хөрөнгөө нохойныхоо дансанд хийсэн байна. Удалгүй өвчин нь хүндрэхэд гэрээслэлээ бичиж бүх хөрөнгөө нохойдоо буюу Максимилианд өв залгамжлуулан үлдээгээд залуухан эхнэрдээ ердөө нэгхэн цэнт гэрээслэжээ. Сарын дараа саятан нас баржээ. Оршуулсаны дараа гэрээслэлийг нь зарлахад эхнэр нь боож үхэх нь холгүй юм болжээ. Гэсэн ч талийгаач саятан эхнэрээ тэнэг шуналтай хэмээн дутуу үнэлж байжээ. Бүсгүй шуналтай ч түүнээс дутахгүй гүйлгээ ухаантай нэгэн байжээ. Тэрээр саятны сайн найз нь Филипп Голдштейн (Filipp Goldshtein)-ы өвөрт ороод бүхнийг хэлүүлж авчээ. Ингээд нохой нь бичиг баримтаараа 55 сая долларын хөрөнгөтэй Максимилиан гэдэг “хүн” болохыг мэдэж аваад түүнтэй гэрлэжээ.

Энэ гэрлэлтийг эсэргүүцэх хүн гарсангүй. Тэгээд ч бичиг баримт нь ном ёсоороо болсон тул залуухан бэлэвсэн хүүхэн ядах юмгүй эхнэр нь болжээ. Эхнэр нь болсоноор нохойны хууль ёсны асран хамгаалагч гэгдэх болов. Гэрлэснээс хойш тун удалгүй нохой үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Ийнхүү Уэнди Дитрих гэдэг эмэгтэй талийгаач "хүн" нөхрийнхөө харамласан бүх мөнгийг нохой "нөхрөөрөө" дамжуулан хууль ёсны дагуу өөрийн болгож авсан байна.
НУУЦ.мн