
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шийртэй эр юм гэж магтахаас өөр арга алга. Өдгөө Монголын хамгийн хүчтэй эрх мэдэлтэн гэгдэж байгаа ХЗ-н сайд Ц.Нямдоржийн эсрэг хурц зоригтой мэдэгдэл хийлээ. Оймс нь гозолзохоос ч айсангүй. Ер нь Ц.Нямдоржид “оймсийг нь гозолзуулах” хоёр хүн байсан нь Ц.Элбэгдорж нөгөө нь ТЕГ-ын экс дарга гэдэг. Н.Хурцын хэвлэлийн бага хурал, Ц.Нямдоржийн хариу мэдэгдэл зэргээс үзэхэд нь энэ хоёрын тулааны нэгнийх нь бүрэн ялагдалаар дуусах шинжтэй байсан. Бүр хэн ч биш юу ч биш болгох мэт санагдсан. Гэтэл үгүй аж. Эцэст нь Ц.Нямдорж ялагдаж ТЕГ-ын экс дарга яллаа. Тэрээр ажлаа өгсөн ч Солонгосд элчин сайдаар явахаар болж бүр Засгийн газрын хуралдаанаас дэмжсэн байна. Ц.Нямдорж ч дуртай дургүй гараа өргөсөн болжээ. Энэ нь асуудлыг ХЗ-н сайд мэддэггүй болохыг баталж байна. Тохироо түүнээс дээгүүр түвшинд яригддаг болжээ. Гэтэл сайдаар томилогдох УИХ-ын хуралдаан дээр нам дамжсан хуулийн томчуудын бүлэглэл, улсын хөрөнгө завшигчдийг чухамхүү “цавцаад цавцаад” явах л юм ярьж байсныг уншигчид санаж байгаа байх. Олон нийт ч хурц ширүүн цавчилт хүлээж байсан ч талаар боллоо. Ц.Нямдоржийн сэлэмний ир мохжээ. Далайлт нь ч сул болжээ. Сэлэмний ир нь эхний хүнээ “даасангүй”. Удаахь нөхдүүдийг цавчих нь байтугай зүсэж ч чадахгүй юм байна. Энэ байдал Эрдэнэтийн 49 хувийн хэрэг дээр харагдана. Эцсийн эцэст тэр тулаан Б.Хурц дэвшин мандаад явсан шиг Ц.Нямдоржийн ялагдлаар дуусах нь тодорхой болжээ.
НУУЦ.мн