Г.Баасан: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад ХЭРЭГ үүсгэсэн
Нийтэлсэн: 2017-10-31 02:09:50
.jpg)
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зөвлөлд одоогоор 46 гомдол, мэдээлэл ирсний 11-ийг АТГ-д хүргүүлсэн бол хоёр гомдолд нь хэрэг бүртгэлт эхлүүлжээ. Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь улстөржсөн томилгоотой холбоотой гомдлууд ирснийг шалгуулж байгаа аж. Мөн албан тушаалтны авлига, хууль зөрчсөн фактууд цуглаж байгааг нягтлан үзээд заримыг нь мэдээлж байна гэв. Г.Баасан дарга “Шинэ Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд болсон. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлига газар авч байгаа энэ үед хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна. Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. /2014 он, Түлш, эрчим хүчний сайд байх үед/ Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос гурван тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэв. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн худалдан авсан 1.9 тэрбумын засварын машины гүйлгээ офшор дансаар хийгдсэн. Засварын машин 2012 онд Хятадын хөнгөлттэй зээлээр манай улс авсан хадгалагдаж байгаа машин болох, УБТЗ-ын ачаа тээврийн албаны дарга байсан, самрын хэрэгт холбогдож 2016 онд 1.6 жилийн ял сонссон н.Бат-Эрдэнэ одоо Төмөр замын Олон улсын харилцааны албаны даргаар ажиллаж байна гэсэн мэдээлэл ирж байгааг нягтлах хэрэгтэй гэв. Түүнчлэн, Д.Жигжиднямаатай холбоотой гомдлын дагуу хэрэг бүртгэлт нээгдсэн гэдгийг АТГ-аас ОНЗ-д мэдэгджээ. Улмаар, УБТЗ-ын хууль бус асуудлын талаар шат дараатай мэдээлэл өгнө гэсэн юм.
НУУЦ.мн
