Хятадын “Шинь Шинь” компани монгол хүний АМИЙГ 150 сая төгрөгөөр “ҮНЭЛЖЭЭ”
Нийтэлсэн: 2017-10-24 00:59:39

Хятадууд өвөрмонгол хүний амийг 100 мянган юаниар үнэлдэг бол биднийг 100-150 сая төгрөгөөр үнэлдэг аж. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Дашбалбар сумын 1-р багт уран олборлодог Хятадын “Шинь Шинь” компаний уурхайд монгол залуу амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг БНХАУ-ын иргэн, Анхуй мужийн Тун лин хотод төрсөн, 48 настай, ковшийн жолооч мэргэжилтэй, “Шинь шинь” компаний туслан гүйцэтгэгч “Тун гуан Майнз констракшин Монгол” компаний жолооч Ма Чун Жин үйлдсэн. Тэрээр “35-23 УБ” дугаартай “Sinome ACY-2C” маркийн ачигч машинаар “Jin Fang” маркийн “97-34 ДОА” дугаартай ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.О-ыг ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед хятад жолооч уурхайн 1005-р түвшний гарамд хүдэр ачих ажлыг гүйцэтгэж байжээ. Ачааны машин бүрт таван удаа ачиж байж тэвш дүүрдэг. Тэвшээ дүүргээд хонгилоос гарах ам дээр нэг машин орчихсон байхыг харжээ. Ковшныхоо гэрлийг 5-6 удаа анивчуулж дохисон ч хөдлөөгүй гэнэ. Хонгил нь машин зөрөх боломжгүй нарийхан байдаг агаад хэл мэдэхгүй тул монголчуудтай ойлголцож чадаагүй гэж өөрийгөө өмөөрсөн. Ингээд ковш дээрээ суугаад хүлээж байтал нэг монгол ажилчин гэнэт гарч ирээд хашгирчээ. Уурлан гүйж ирээд кабинаас нь чирж буулгахад осол гарсан болохыг ойлгож тэр дороо гарыг нь тавиулаад хятад ажилчдын байр луу зугтаасан гэнэ. Хятад жолоочийн мөргөсөн машин хохирогчийг уурхайн хананд цээжээр нь шахаж амьсгал дутагдлын улмаас амиа алджээ. Гайхалтай нь энэ хэргийг хятад жолооч үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзжээ. Түүнийг ерөөсөө цагдан хориогүй аж. Мөн хохирогчийн ар гэрийнхэн гомдол саналгүй гэсэн нь нөлөөлжээ. Тэд мөрдөн байцаалтын шатанд 150 сая, шүүхийн шатанд 18 сая төгрөг авчээ. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хятад жолооч шууд нутаг буцжээ.
НУУЦ.мн
