Л.Оюун-Эрдэнэ буюу У.Хүрэлсүхэд ХЭРЭГГҮЙ бамбай
.jpg)
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явцын үед шуугиан тарьсан олон үг яриа тарсан. “Ажлаа өгөөд гудамжинд гарч байгаад та нартай үзэлцэнэ”, “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ”, “тэр шоронд чинь ороод гарч ирээд үзэж тарна” гэх мэт. Хамгийн сүүлийх нь Л.Оюун-Эрдэний У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бамбай мэт хамгаална гэсэн цээжээ дэлдсэн амлалт байлаа. Гэхдээ нөгөө хүн нь энэ залуугаар хамгаалахдаа тулсан эсэх мөн өөрөө бамбай шиг хамгаалж чадах эсэх гээд олон асуулт гарч ирж байна. Шинэ засагт бамбай хэрэггүй гэдэг шууд ойлгомжтой болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь хамгийн хяналтгүй засаг юм. Кабинет нь 100 хувь УИХ-аас бүрдсэний дээр энэ засгийг бамбайнаас илүүтэйгээр хамгаалах сайн дурынхан зөндөө гарч ирлээ. Их хурал энэ засгийг хянаж шалгаж чадахгүй тул тэд дураараа дургих магадлал маш өндөр болсон. Өдгөө бамбай биш харин засгийг сайн ажиглах харах дуран илүү хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ нарын залуухан, нэр нөлөө багатай гишүүдийн хамгаалалт У.Хүрэлсүхэд хэрэггүй болсон. Ганц нэгхэн сул гишүүн засгийг хамгаална гэж байхгүй. Тэднээс бамбай бүү хэл хаалт болох ч хамгаалалт гарахгүй. Ядахдаа Ш.Раднаасэд шиг Байнгийн хорооны дарга гээд тодорхой албан тушаалтай бол хааяа дэмжлэг хүсэж болохсон. Л.Оюун-Эрдэнэ нарын төөрөгдөл нь одоо ч өөрсдийгөө У.Хүрэлсүхэд хэрэгтэй гэж боддогт оршдог. Тэгвэл Ерөнхий сайдад бамбай хэрэггүй бас Оюун-Эрдэнэ ч хэрэггүй болсон. Харин “Херо” Баатартай харилцахад хэрэг болж мэднэ.

Бамбай мэт хамгаалах тухай сүржигнэлд нь шинэ Засгийн газарт ирэх аюулыг хэт дөвийлгөсөн өнгө аяс илт цухалзаж байна. Засагт “аюул учрах” тусам У.Хүрэлсүхэд Л.Оюун-Эрдэнэ мэтийн бамбай хэрэгтэй болох нь ...Харин аюул учрахгүй бол тэр хэрэггүй болж бас мартагдана гэдгээ ч мэдэж байгаа аж. Ийм ч учраас энэ залуу өөрийгөө У.Хүрэлсүхэд хэрэгтэй гэдгээ батлахын тулд байхгүй аюулыг бий болгож хоосон дайсныг бодит болгох янзтай. У.Хүрэлсүхийн аминд хүрэх гэсэн хүн байхгүйтэй адил түүний засгийн газрыг унагаах гэсэн бүлэглэл хүчин одоогоор алга. М.Энхболдын талынхан хүссэн зүйлээ авсан тул сөргөлдөөн дэгдээхгүй. Гэтэл сошиалд Хятадын аюул гэдэг нүдэнд үл үзэгдэх "мангаа" явдаг шиг улстөрд хиймэл дайсан бий болгох гэж байна. Тэгвэл У.Хүрэлсүхийн дайснууд М.Энхболдын талаас гарахгүй, харин ойрын хүрээнээс нь тодорч магадгүй юм.
NUUTS.mn
