Шүүхийн тогтоолоор цалинждаг төрийн албан хаагчидтай болжээ

Монголын төрд төсвөөс цалинждаг, шүүхийн тогтоолоор цалин авдаг гэсэн хоёр төрлийн албан хаагчид ажиллаж байна. Гэхдээ хоюулаа татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Төсвөөс цалинждаг нь үр бүтээл муутай ч гэсэн өгдөө ажилдаа ирж өдөржин суугаад цалингаа авдаг. Харин шүүхийн тогтоолоор цалинждаг нь шүүхийн үүдэнд сууж байгаад цалингаа 2-3 саяар нь нөхөж авч байна. Ирэх жилийн төсөвд ажлаасаа үндэслэлгүй халагдсан албан хаагчдын нөхөн төлбөрд 26 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Асар их мөнгө. Энэ мөнгөөр хэдэн цэцэрлэг сургуулт барих тухай харууслыг энд орхиё. Харин үндэслэлгүй халах шийдвэр гаргасан дарга нарт хариуцлага тооцох тухай асуудал л гол юм. Өмнө нь буруу шийдвэр гаргасан дарга нар төлбөрийг нь хариуцуулахаар ярьж байсан ч энэ нь мартагджээ. Сонгуулийн дараа АН ч халдаг МАН ч халдаг. Энэ удаад Ардын намын халаа сэлгээ арай дэндсэн. Өдгөө захиргааны хэргийн шүүхэд хамгийн их ирж байгаа өргөдөл нь ажлаас халагдсан, ажилгүй үеийн цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэнэ. Үнэндээ улстөрийн намын хийсэн халаа сэлгээний хариуцлагыг төр мөнгөн хэлбэрээр үүрч байгаа юм. Өдгөө дарга нар буруу шийдвэр гаргасан төлбөрөө төлөхгүй тул улстөрийн намд нь үүрүүлдэг болох хэрэгтэй.
НУУЦ.мн
