Замын-Үүдэд “ГААЛЬ ХИЙДЭГ” Л.Гэрэлт-Од, З.Баярсайн нарын ХЭРГИЙН тухай ...
Нийтэлсэн: 2017-10-17 02:26:59
(1)(1).jpg)
Гаальчин гэвэл эрхэм уншигч та гаалийн ажилтан буюу төрийн албан хаагчийг ойлгох байх. Тэгвэл Замын-Үүдэд тэднийг гаальчин гэдэггүй гэнэ. Жинхэнэ “гаальчид” нь гаалийн албанд ажилладаггүй энгийн хүмүүс байдаг агаад тэд л гаалийг жинэхэн утгаар нь хийдэг аж. Урдаас орж ирэх машиныг хүлээн авч нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж гаальчидтай тохиролцож машиныхаа тонныг багаар хэмжүүлж татвараа бүр багаар бодуулж эцэст нь “ШаркТанк”-д гардаг шиг “өгдөг юмыг нь өгөөд” гаалийн хяналтын бүсээс машиныг гаргаж жинэхэн эздэд нь хүлээлгэн өгдөг. Ийм л хүмүүсийг “гаальчин”, энэ ажиллагааг “гааль хийх” гэдэг. Энэ хэрэгт өдгөө Л.Гэрэлт-Од, З.Баярсайн гэдэг эмэгтэй эрэгтэй хоёр шүүгдэж байна. Эмэгтэй нь Замын Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Цэен, ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын дарга асан Т.Мөнхчулуунд хүүгийх нь дансаар хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон. Харин З.Баярсайн нь “Баруун суу гүн” компаний 54 тонн ачаанд “гааль хийхдээ” ахлах байцаагч Б.Оюунчимэгт Ө.Бямбадоржоор зуучлуулан 200 мянга, мөн байцаагч И.Наранцэцэгт 500 мянган төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн гэх гэмт хэргүүдэд холбогджээ. Эрээн хотод Монгол руу илгээх ачааг ачуулдаг бизнесийг атгасан Хөгжил гэж хятад байдаг гэнэ. Түүнд Өнөрбат нарын монголчууд ажилладаг. Хөгжилт ачааны машинаа явуулаад машины дугаар, ачааны хэмжээг монгол ажилчиддаа утсаар хэлж татварт төлөх мөнгийг нь хүнээр явуулдаг гэнэ. Ажилчид нь тэр машиныг нь Байрсан нарын “гаальчидад” хүлээлгэн өгч “гааль хийлгэдэг” ажээ. Өнөрбат нь 5.5 сая төгрөг, ачааны тоо ширхэг бичсэн цаасны хамт Баярсайнд өгсөн. Гэтэл тэрээр хотоос гаалийн байцаагч нар ирээд дахин шалгаж байна гээд хоёр сая төгрөгийн бараа дутуу мэдүүлсэн гэжээ. Хятад эзэндээ утсаар хэлэхэд хилээр гарч байгаа эмэгтэйгээр ахин 2.2 сая төгрөг өгч явуулжээ. Харин байцаагч Наранцэцэг илтэд гар хараад байхаар нь Өнөрбатаас зөвшөөрөл авч мөнгө өгсөн гэж “гаальчин” мэдүүлжээ. Харин Гэрэлт-Од нь ахлах байцаагч Цэентэй 2013 оны 8-р сард танилцаж тэрнээс хойш эгч дүүс болжээ. Түүнийг ахлах байцаагчийн хуурай дүү гэдгийг гаальчид мэддэг болохоор машиныг нь бүрэн буулгаж шалгадаггүй, саадгүй гаргадаг байсанэ. Удаавал эгчдээ хэлдэг байжээ. Энэ тухай “... улсын ахлах байцаагч Оюунчимэг зөрчлийн өрөөнд тухайн ээлжийнхэнтэйгээ архи уугаад намайг “байж бай чи” гээд байсан. Тэгэхээр нь би Цэен эгч рүү утасдаад хэлсэн. 17 цаг өнгөрч байхад байцаагч бууж ирээд “юу гээд хүн амьтан руу янз янзын юм яриад байгаа юм, өөрөө уулзаад явахгүй” гээд уурлаад 8437 УБС, 4738 ХЭҮ машинуудыг гаалийн хяналтын талбайгаас гарах зөвшөөрлийг программаар хийж өгсөн ...” гэж мэдүүлжээ. Хуурай эгч нь түүнээс нийтдээ .60 сая төгрөг зээлж авсан гэнэ. Нэлээд удаасны эцэст 20 саяыг нь өгөөд дараа нь цувуулсаар сүүлдээ 22 сая төгрөг үлджээ. Үлдсэн мөнгөө нэхэхээр “чиний гаалийн бүрдүүлэлт хийсэн машин чинь саадгүй гарч л байгаа биз дээ, сүртэй юм” гээд өгдөггүй гэжээ. Хуурай дүүгийх нь машиныг нь хотоос ирсэн шалгалтын баг саатуулах үед тэрээр “УБ транс” компаний гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Анхцэцэг гэдэг найзыгаа гуйжээ. Найз нь “... тээврийн хэрэгсэлийг шалгахад Гэрэлээ надаас “намайг битгий хэлээрэй, намайг шалгах юм бол данс, утасны холболт бүгд ил байгаа шүү дээ” гээд гуйгаад байхаар нь би гаальд мэдүүлсэн юм чинь гаалийн бүрдүүлэлтийг нь ч би хийсэн гээд хэлчихье гээд өөрийн нэрээр хийсэн гэж хэлсэн...” гэжээ. Ийнхүү хоёр машины хэрэг дэгдэж хуурай эгч дүүс баригджээ. Хоригдож байх үедээ байцаагч эгч нь дүүдээ “тэсэж байгаарай” гэсэн захидал хүртэл өгүүлж байжээ. Бас өмгөөлөгч хүртэл олж өгчээ. Энэ ч бас учиртай гэнэ. Учир нь тухайн үед Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч байсан Н.Б гэдэг эрхэм хэргийг АТГ-д “зохицуулж” өгөхөөр болоод байсан тухай дараагийн удаад хүргэнэ.
НУУЦ.мн
