САЯТАН-ТУЛААНЧ багад нь дээрэлхдэг байсан СУРГУУЛИЙН АТАМАН-аа халз-шоунд дууджээ
Нийтэлсэн: 2017-10-13 11:31:27
Холимог тулааны урлагийн сургалтын сүлжээ-клубыг үүсгэн байгуулагч саятан Мэтт Фиддс Английн телевизийн алдартай шоуны нэг “This Morning”-нд сургуульд байхад нь байнга дээрэлхэж зоддог байсан сургуулийн атаман асан Энтони Фридсээ урьжээ. Гэхдээ тэрээр өөрөө уриагүй агаад телевизийнхэн бүхнийг зохион байгуулжээ. Экс атаман урьд нь зоддог байсан хүүхэдтэйгээ уулзана гэж төсөөлөөгүй тул ихэд баяртай иржээ. Ийнхүү 30 жилийн өмнө хонь чоно байсан хоёр шоуны үеэр уулзжээ. Экс атаман зодуулдаг хүүхэд нь холимог тулааны том мастер болсоныг харж мэдээд ихэд мэгдэж сандарсан гэнэ. Бүр биеэ барин хачин болжээ. Харин саятан-тулаанч өшөө авах гэж дуудаагүй харин талархах гэж урьсан болохыг мэдээд л сая тайвширчээ. Мэтт өөрийг нь энэ зэрэгт хүргэх гол хөшүүргийг өгсөн хүн хэмээн сургуулийн атамандаа талархаж тэвэрсэн байна.
Тэр хоёр нэг сургуульд сурдаг байжээ. Мэтт амьдралын боломж тааруу айлын хүүхэд агаад биеэр жижиг, даруухан нэгэн байсан гэнэ. Харин Энтони нь чинээлэг гэр бүлээс гаралтай, өөрөө ч эрэлхүү бяралхуу, хамгийн том биетэй, ангийн төдийгүй сургуулийн атаман байсан аж. Тэрээр хөөрхийг Мэттийг байнга зодож дээрэлхдэг байжээ. Харин шоуны үеэр үүнийгээ хүлээгээгүй агаад сургуулийн цайны газрын дарааллаас хэдэн удаа түлхэж гаргасан л байх гэжээ. Чухамдаа атаманы байнгийн дээрэлхэлт л Мэттийг бие хамгаалах урлагаар хичээллэхэд хүргэжээ.
Эхэндээ хүнд хэцүү шантармаар байсан ч Энтонид ахиж дээрэлхүүлэхгүйн тулд өөрийгөө хүчилж зоригжуулж иржээ. Ийнхүү тэрээр тулааны урлагтай амьдралаа холбосон нэгэн болжээ. Сургуулиа төгсөөд аз таарч алдарт дуучин Майкл Жексоны хамгаалалтын албанд орж чаджээ.
Хамгаалалтын албанд 10 жил ажиллахдаа цалингаа хадгалсаар нэлээд мөнгө цуглуулж чадсан байна. Мөн Дараа нь Лондонд ирээд эхлээд тулааны урлагийн секц нээжээ. Удалгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж хэдэн хэдэн клуб нээсэн агаад суралцагчдын тоо ч өсөхийн хэрээр ашиг орлого нь ч нэмэгджээ. Гэхдээ сургуулийн атаманаа огт мартаагүй гэнэ.
Энэ бодол нь түүнийг хүүхдүүдэд зориулсан дээрэлхүү атамануудаас биеэ хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулан гаргахад хүргэжээ. Энэ хөтөлбөрд нь 300 гаруй хүүхэд хамрагдсан хэмээн Мэтт ярьжээ. Тэрээр сургуулийн атамандаа дээрэлхүүлдэг байсны ачаар л ийм амжилтанд хүрсэн гэжээ. Харин Энтони сургуульдаа атаман байснаа хүлээжээ.
Олон ч хүүхдийн нармайг нээж байсан, тэр бүхнийг тодорхой санахгүй байна, гэхдээ сургуулийнхаа №1 байх нь тийм ч муу зүйл биш гэжээ. Энэ нэвтрүүлгийг үзсэн олон хүн амжилт гаргах бас уучлах нь өшөө авах хамгийн сайн арга гэдэгт санал нэгдсэн байна.
НУУЦ.мн