Шварцнеггерт ОСКАР өгөөгүй байхад Монголд БУЛЧИНТНУУД хөгжил удирдана гэж үү ...
.jpg)
Алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, Сильвестер Сталлоне хоёр Америкийн болон дэлхий кино урлагийн дээд шагнал Оскарыг аваагүй. Үнэндээ өгөөгүй. Тэднийг кино урлагт булчин шөрмөсөөс өөр юу авчраагүй хэмээн дэлхин киноны томчууд үзсэн. Оскар өгөх нь бүү хэл Холливудын багт ч оруулахдаа дурамжхан байдаг. Гэтэл хоёр “бакь”-ийн кино дэлхийгээр нэг алдаршсан. Оскарын олон шагналтнуудын тоглосон киноноос ч илүү их орлого олсон. Шварцнеггер, Сталлоне хоёрыг дэлхий мэдэх бол зарим нэг Оскартнуудыг Монголд ч мэдэхгүй. Гэтэл дэлхийн киноны мундагчууд тэр хоёрыг кино урлагт ямар ч хувь нэмэр оруулаагүй гэж үздэг. Бүтээсэн дүр нь урлагийх биш гэдэг. Дэлхийн хамгийн том хоёр “бакь” насаараа зүтгэсэн салбараасаа эцэстээ ийм дүн аваад зодог тайлж байна. Өнгөрсөн жилийн “Оскар”-д Сталлонег бас л унагахад дүү нь цахимаар шүүгчдийг баахан харааж зүхсан. “Рэмбо”-гийн кино урлагийн дээд шагнал авах сүүлийн боломж байсан болохоор тэр ...

Харин Монголд булчин шөрмөстнүүд биеийн хүчний салбартаа биш харин бодлоготон мэдлэгтэнээр тэргүүлүүлдэг хөгжлийг удирдахаар орж ирлээ. Одоо бид том булчинтай бакь биетэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөн удахгүй Уул уурхайн сайдтай болох нь ... Эхний хоёр өндөр албан сэнтийд сууснаас хойшхи богинохон хугацаанд биеийн бяртай ч ухааны бяд дутуу гэдгээ харууллаа. Сард 620 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг нүүрсний салбар хагас орлогоо алдлаа. Гашуунсухайтаар өдөрт 2000 тэрэг гардаг байсан бол өдгөө 500 болж буурлаа. Тэр хэмжээгээр багш эмч нарын цалинг нэмэх мөнгөө алдав. Эр бяртай Ерөнхий сайд итгэж байсан шигээ Засгийн газраа байгуулж чадсангүй. Өчигдөрхөн хэзээ ч эвлэрэхгүй гэж байсан “60 тэрбумынхантайгаа” өнөөдөр сайдын тохироо хийгээд явж байна. Айхтар зоригтой гэдэг ч засгаа толгой мэдээд байгуулчихаж чадсангүй. Айж хулчигнаж шантааж шахаанд оржээ. Харин Уул уурхайн сайдад нэр дэвшигч ухааны бядны хэмжээгээ удахгүй харуулах биз ... Энэ салбар экспортын 80 хувийг бүрдүүлдэг гэхээс бүр ч айдас төрнө. Булчинтангууд биеийн хүчний салбартаа л тэргүүлдэг. Булчин шөрмөсөөр дамжиж хөгжил ирдэггүй гэдэг нь та бидэнд удахгүй мэдрэгдэнэ.
НУУЦ.мн
