Баяхонгорын гавьяат тээвэрчин урагшаа гаргахаар 444 кг ЦАГААН ГОЁО түүлгээд баригджээ
Нийтэлсэн: 2017-09-20 23:33:07
.png)
Монголд нутагтай хайртаа хүн үгүй болжээ. Өмнөговьчууд нүүрс ухаж нутгаа сэндийчлээ. Дорнодчууд жирэвгэр дэргэрүүгээ үндсээр нь ухаж түүгээд хятдуудад зарж байгаа бол баянхонгорчууд цагаан гоёгоо дуусгаж байж л санаа нь амрах нь … Цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэг нь тухайн орчныхоо экосистемийн тэнцлийг хангахад нэн чухал үүрэгтэй, цөлжилтийг сааруулдаг. Навч нахиа үгүй, газрын дээр 15-40 см өндөр ургадаг, газрын гүн рүү чиглэсэн үндэстэй, үндэс нь маш олон салаалж ургадаг. Энэ хүү олон салаалсан үндэс нь л элсний нүүдлийг багасгаж сааруулдаг аж. Нутагтаа хайртай хүн үүнийг нь ухаараад түүхгүй. Гэтэл хонгор нутгийн өөрсдөө түүгээд эхэлжээ. Аймагтаа нэртэй хүн болох гавьяат тээвэрчин С.Зина нь баг бүрдүүлээд энэ чухал ургамлыг түүж байгаад баригджээ. Багийг нь ахмадуудых гэж хэлж болмоор 40-55 насныхан бүрдүүлсэн байна. Баян-Өндөр сумын Баяраа дарга, эхнэрийн хамт мөн Өлзийбаяр, Энхбаяр нар оржээ. Тэд тус сумын 4-р багийн нутаг Идрэнгийн Эх гол хавьцаа буудаллаж хуулиар хориглосон, нэн ховордсон ургамлыг түүжээ. Бүлэг хүмүүс цагаан гоёо түүж байгаа тухай сумын Засаг дарга хэсгийн төлөөлөгчдөө хэлж шалгахыг үүрэгджээ. Хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагчийн хамт Эх голд очиход гурван майханд арваад хүн байжээ. Гоёо түүх ажилдаа гарахаар цайгаа ууж байсан гэнэ. Баруун талын майхны зүүн талд нийт 12 шуудайтай гоёо харагджээ. Хүмүүсийг байцаахад Баянлиг сумын тав, аймгийн төвийн хоёр, гурав нь Баян-Өндөр сумынх агаад Зина гэдэг хүн цагаан гоёо түүлгэж байгааг хэлжээ. Гавьяат тээвэрчин багаа өөрийн “ниссан патрол” маркийн машинаар Эх голд хүргэж буулгажээ. Гоёо ихтэй газрыг Баяраа даргаас асууж мэдсэн гэнэ. Хүмүүсээ буулгаад аймгийн төв оржээ. Хэд хоногийн дараа Баяраа руу ярьж хүмүүсд нь хуурай хүнс хүргэж өгөхийг гуйжээ. Энэ зуурт цагдаа ирэж цагаан гоёог нь хураан “багийг” нь тараажээ. Гавьяат тэвэрчин бие муутай хүнд туслах гэж түүлгэсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ нэгхэн хүнд бараг хагас тонн гоёо дэндүү ихдэнэ биз. Цагаан гоёо түүсэн иргэдээс нэг кг-ыг нь 6000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон нь мөрдөн байцаалтаар илэрчээ. Түүсэн ургамлаа урагшаа гаргахаар төлөвлөж байжээ. Зина нь тээврийн салбарын хүн ч эмийн ургамал тэр тусмаа ховордсон ургамал ихэд “сонирхдог” гэнэ. Баянхонгорт анхны зээргэнэ боловсруулах цех ажиллуулж байгаад мансууруулах төрлийн бодис илэрсэн гэх хэл ам дэгдэн хаалгуулж байсан гэдэг. Тэрээр гавьяат тээвэрчин алдартайгаас гадна Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд төр, ард түмний хайр хишгийг чамгүй хүртсэн нэгэн. Гавьяат тээвэрчний “багийн” байгаль экологид учруулсан хохирол 7,8 сая төгрөгөөр тооцогдож байна. Цагдаагаас Зинагийн “ниссан патрол” машин, Баяраа даргын 10 сая төгрөгний үнэ бүхий таван ханатай гэрийг битүүмжилжээ.
НУУЦ.мн
