Иргэдийн санаа бодол : Хүмүүс хоёрдугаар ээлж ХООЛОНДОО гэж ярьж байна
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр товлогдсон ч эхлээд удалгүй завсарлага авсан. МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг удаа дараа хууль зөрчсөн, ард түмэнд бус хэсэг бүлэгт үйлчилсэн гэх үндэслэлээр огцруулах саналыг гаргаад буй. Мөн АН-ын бүлэг ч энэ саналыг дэмжиж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гаргасан. Тиймээс эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдэх байсан юм. Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн “Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл бүлэг завсарлага авъя” гэсэн саналаар УИХ-ын дарга М.Энхболд завсарлага өгсөн.
Тэгвэл Засгийн газрыг огцруулах талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо.
Засгийн газар нь огцрохгүй байгаасай гэж боддог
Хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Тэр үнэлгээгээр манай Засгийн газрыг ахиц, дэвшилтэй сайн байна гэж хэлж байгаа тохиолдолд бид сайн зүйлээ цааш нь залгуулаад цаг алдахгүй сайжруулах нь чухал гэж бодож байна. Засгийн газар нь огцрохгүй байгаасай гэж боддог. Ахмадууд тэгж л ярилцаж байна.
Олон сайд сэлгээд дэмий
Олон сайд сэлгээд дэмий болов уу гэж бодож байна. Дараагийн засаг урд засгийн ажлаа үгүйгсгээд нөгөөх нь ч хугацаа бага ажил хийж амждаггүй.
Засгийн газар, Ерөнхий сайдыг чадлынхаа хэрээр ажиллаж байгаа
Төр засаг байж л байсан нь дээр, огцруулаад яах юм бэ. Огцруулсан ч огцруулаагүй ч хийдэг зүйлээ л хийнэ шүү дээ. Нэгэнт өөрсдөө гаргаж сонгочхоод 65 гишүүн чинь ажлаа хийж байвал дээр биз дээ гэж би бодож байна. Огцруулах асуудлыг бол буруу гэж бодож байна. Энэ Засгийн газар, Ерөнхий сайдыг би боломжийн, чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гэж бодож байна.
Хүмүүс хоёрдугаар ээлж хоолондоо гэж ярьж байна
Тогтвор суурьшилтай ажилласан нь дээр. Нэг ажил нь дөнгөж эхэлж байхад буцаад солиод байхаар улс нийгмийн ажил урагшлахгүй. Буцаад ажилтнууд солигдоод баахан хүмүүс бужигнахын нэмэр. Угаасаа дөрвөн жилийн хугацаатай зүйл дээр байн байн солигдоод байх нь өөрсдөө л хямрана. Нэг хүн ажлаа дөнгөж эхлээд зүгширч байхад хямруулаад байх хэцүү. Хүмүүс хоёрдугаар ээлж хоолондоо гэсэн яриатай байгаа.
Эх сурвалж : Ийгл.мн