Санхүүгийнхэн алдсанаас болж сая долларын тэтгэмж авсан оюутан 2 сарын дотор 80 мянгыг нь үржээ /тансаглал/
Нийтэлсэн: 2017-09-01 05:37:05
Хичээлийн жил эхэлж байгаа энэ үед Өмнөд Африкийн БНУ даяар Сибонгиле Мани гэдэг оюутан бүсгүй хамгийн алдартай нэгэн болжээ. Түүний тухай, тансаглалых нь тухай тус улсын бүх хэвлэлээр шуугиж байна. Тэрээр Мтаты гэдэг их сургуулийн санхүү-нягтлан бодохын ангид сурдаг. Тус их сургуульд нийтдээ 30 гаруй мянган оюутан сурдагаас тал нь улсаас тэтгэмж авдаг. Сибонгиле Мани ч гэсэн сар бүр 1400 рэнд буюу 90 орчим долларын тэтгэмж авдаг гэнэ. Гэтэл 6-р сарын эхээр дансанд нь 1400 бус харин 14 сая рэнд орж ирсэн нь бараг 1,1 сая доллар хүрэх мөнгө байжээ. Их сургуулийн санхүүг гэрээт “Intellimali” гэдэг компани хариуцдаг. Компани их сургуулийн бүх санхүүг эрхлэхээс гадна оюутнуудын тэтгэмжийг хувиарлаж олгодог. Гэтэл энэ компанийхан алдаа гаргаснаас болж нэг оюутны дансанд сая гаруй доллартай тэнцэх рэнд орж иржээ. Гайхалтай нь санхүүгийн ангид сурдаг Сибонгиле алдаа гарсан гэдгийг мэдсэн ч учрыг нь тодруулахын оронд таг дуугай байхаар шийджээ. Харин ч сул орж ирсэн мөнгийг баруун солгойгүй үрж эхэлсэн байна. Санхүүгийн андуурч шилжүүлэг хийснээ мэдэх хүртэл 73 хоног өнгөрчээ. Харин энэ зуурт оюутан бүсгүй жинхэнэ тансаглаж гарчээ.
Тэрээр хамгийн сүүлийн үеийн ”iPhone-7” утсыг хоёр гурваар нь ээлжилэн барих болжээ. Хөлөөсөө толгой хүртлээ цул брэндээр хувцасласан гэнэ. Үнэтэй ээмэг бөгж зүүж брэнд цүнх барьдаг болжээ. Сургуулийн цайны газарт бус харин хотын хамгийн үнэтэй зоогийн газарт хоол иддэг. Бүр таксины жолоочтой тохирон тэр нь баян оюутныг гарч ирэхийг хүлээн сургуулийн хашааны үүдэнд зогсдог болжээ. Найз нартайгаа өдөр алгасахгүй шахам шөнийн цэнгээний газраар хэсэж тэднийгээ 60-100 долларын үнэтэй оргилуун дарсаар дайлж байсан аж. Оюутан найз нарынхаа төрсөн өдрөөр нь маш үнэтэй бэлэг өгч мэл гайхуулж байжээ. Санхүүгийнхэн алдаа гаргасан гэдгээ хоёр сарын дараа л мэдэж Сибонгилег дууджээ. Харин тэрээр энэ зуурт нэгэнт 80 мянган доллартай тэнцэх хэмжээний рэндийг үрчихсэн байжээ. Хэрэг явдал бөөн шуугиан дэгдээсэн байна. Их сургуулийн захиргаа түүнийг барагл мөнгө хулгайлсан, түүнээс болж олон оюутан тэтгэмжгүй хоцрох нь хэмээн буруутгажээ. Сибонгиле ч тэр дороо сургуулийн хэмжээнд хамгийн их үзэн ядагдсан хүн болон хувирчээ. Сургуулийн захиргаа үрсэн мөнгөө эргүүлэн төлөхийг шаардсан ч тансагласан бүсгүй мөнгө байхгүй гэжээ.
-Би ажил хийдэггүй тул энэ их мөнгийг яаж төлөх юм бэ Бурхан минь-
Болсон явдалтай холбогдуулан оюутны зөвлөл их сургуулийн захиргааг хариуцлагагүй ажилладаг хэмээн буруутгажээ.
НУУЦ.мн
har sarmagchin