Ректор Б.Очирбатыг 28 саяын камержуулалтын ажлыг эхнэрийнхээ хамааралтай компанид өгсөн гэжээ
Нийтэлсэн: 2017-08-21 01:39:55
.jpg)
Энэ ч эхнэрдээ хайртай бас мөнгөтэй хүний хийдэг ажил биз. Дарга болсон нөхөр нь эхнэрдээ, захирал болсон эхнэр нь нөхөрдөө энэ мэт мөнгөний ажил өгөх нь томчуудын хүрээнд хэвийн үзэгдэл шахуу болжээ. Уг нь энэ мэт юмаа ихэд нууцалдагсан. Гэхдээ дотоод хэрүүлээр л гарч ирдэг. МАН-ын тогоон доторхи хагаралдаан л гэхэд та бидэнд сүүлийн хэд хоногт адалт явдалт цуврал кино шиг юмыг үзүүлж байна. Тэрний дэргэд ШУТИС-ын ректор, проректор нарын “дайн” бас л дутахааргүй сонирхолтой. Б.Очирбат анхнаасаа л Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Б-тэй ”Энхболд Хүрэлсүх” хоёр шиг харьцаатай байжээ. Проректорд халах мэдэгдэх хуудас өгөөгүй мөртлөө өрөөний хаалгыг нь эвдэн орж сүрээ хүчээ харуулсан гэнэ. Өнгөрсөн 2-р сард ажлаас нь чөлөөлсөн атлаа 3-р сард нь аудитын шалгалт оруулаад нийт 23 зөрчил илрүүлж баримтжуулжээ. Энэ нь бараг 100 гаруй хуудас баримт болсоныг эхлээд цагдаад өгөөд дараа нь АТГ-аар шалгуулсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. 100 гаруй хуудсанд зөндөө баримт байсан нь мэдээж. Экс проректорыг 2016 онд Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны шинэ жилийн арга хэмжээнд сургуулиас мөнгө зарцуулсан гэжээ. “Хэрэглээний стандарт” гэсэн сэтгүүлд гурван сая төгрөгний сурталчилгаа гаргуулсан л гэнэ. “Сайнко Монголиа” компаний хандивласан найман ширхэг хувилагч машиныг хувьдаа авсан гэж буруутгажээ. Иргэн н.Ганбат, н.Зулбаяр нартай 1.5 болон таван саяын сурталчилгааны гэрээ байгуулсан ч гэрээний дагуу ажил хийгдээгүй болжээ. Сургууль байгуулах нэрээр Хөвсгөл явж 7,6 сая төгрөг үрсэн, Солонгос, Сингапур, Хонгконг, Хятад зэрэг улсад долоон удаа 18,2 сая төгрөгөөр томилолтоор явсан ч үр дүн гараагүй, тайлан тавиагүй гэнэ. Иргэн Зулбаярын хувийн дансанд хоёр сая, “Залуус хөгжлийн холбоо” ТББ-д 19.2 сая гэх зэргээр шилжүүлсэн сэжигтэй гүйлгээнүүд гарч ирсэнийг “онцолжээ”. Худалдан авах алба нь удирдлагадаа худалдаж авсан бараа үйлчилгээний талаар ямар ч мэдээлэл өгдөггүй гэнэ. ШУТИС-ийн төв байранд хийгдсэн 28.6 сая төгрөгний камержуулалтын ажлыг мэргэжлийн бус харин барилгын гэх “Хатанбаатар” гэдэг компаниар хийлгэжээ. 151 сая төгрөгний цахилгааны шатны нийлүүлэлтэнд тендер зарласангүй. Сургуулийн харьяа “Горхийн судалгаа” гэдэг сургалт судалгааны төвд 164 саяын өртөгтэй нийт таван гэрээ хийгдсэн ч сүүлдээ ах дүү хамаатан садны “хамтын ажиллагаа” болон хувирсан гэнэ.
.jpg)
Харин өөрт нь тулгаж байгаа энэ бүх “ялыг” экс проректор эрс эсэргүүцжээ. Удирдах зөвлөл нь өнгөрсөн оны санхүүгийн гүйцэтгэлийг хангалттай ажилласан гэж дүгнэсэн, ректор ч сайн ажилласан гэж магтаж байжээ. Эрдмийн зөвлөл нь бүр өргөмжлөл өгсөн атлаа он гаргаад шууд халсаныг нь ерөөсөө ойлгохгүй байгаа гэнэ. Сургуулийн төсвийг жил бүр Удирдах зөвлөл нь баталдаг гээд тулгасан “ялыг” нэгбүрчилэн няцаажээ. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны шинэ жилийн баярт мөнгө шилжүүлэхэд ректор Очирбат өөрөө орж ирээд жил бүр мөнгө шилжүүлдэг уламжлалтай гэхээр нь л шилжүүлжээ. Тендерийн тухайд бас ректор зарлах тушаал шийдвэр өгдөг байсан гэнэ. Өнгөрсөн онд АСЕМ болох гэж байгаатай холбоотойгоор хотын захиргаанаас урд талын талбайгаа засах үүрэг өгчээ. Үүний дагуу бас л ректор орж ирээд яаралтай тендер зарлан гүйцэтгэ гэсэн үүрэг өгсөн гэнэ. Хөвсгөл рүү тушаал шийдвэр гаргуулаад ном журмых нь дагуу явжээ. Солонгос улсын Юнис гэх сургуульд ШУТИС-ийн найман оюутан, таван багш сурдаг агаад энэ ажлыг зохион байгуулах гэж экс проректор 14 удаа явсан байна. Камержуулалтын асуудлыг бас л ректор өөрөө шийдсэн гэж батлаад гүйцэтгэгч “Хатанбаатар” компанийг Очирбатын эхнэртэй холбоотой, бүр судалж үзээрэй гэж хуулийнханд сануулжээ. Сургуулийн сурталчилгааны ажлыг зохион байгуулж ректор өөрөө оролцон инээж байгаад зурагтаар 30 минут ярьсан гэнэ. Экс проректорыг “ниргэх ажиллагаанд өртөж халагдсан бас нэг хүн нь Бизнес, инновацийн газрын дарга Д.Х аж. Энэ газрыг байгуулаад Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан проректорт харьяалуулан ажиллуулаж байсан нь нэгнийгээ ивээлдээ авсан хэрэг гэж Б.Очирбат харджээ. Проректор болон газрын дарга хоёр нь найз агаад энэ нь томилгоогоор нь батлагддаг гэжээ. Бизнес инновацийн газрын дарга нь экс проректорын санаачлагаар байгуулсан гэх “ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүнийг ахлах мэргэжилтнээр, холбооны ажилтанг мэргэжилтнээр, мөн проректорын туслахыг мэргэжилтэнээр авсан нь тодорхой “сөрөг хүчин” үүссэн гэх хэл ам дэгдээжээ. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үеийн ректорын тушаалаар л ажилд авсан байжээ.
