“Аж богд инженеринг”, Төрийн банкны даварсан үйл ажиллагааг ШӨХТГ өөгшүүлсээр байх уу ...
Нийтэлсэн: 2017-08-09 03:44:02
.jpg)
Бүхэл бүтэн хорооллын СӨХ-ийн мөнгийг хувийн компани төрийн банкны “тэслалцаатайгаар” бүтэн жил гаруй “идсэн” хэргийг ШӨХТГ өөгшүүлсээр өдий хүрчээ. Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах “Шинэ Өргөө” орон сууцны хорооллын оршин суугчид СӨХ-өө байгуулаагүй байхад сайн дураараа “хийх” гэсэн компани гарч ирсэн нь “Аж богд инженеринг” гэнэ. Ийнхүү 2016 оны 11-р сараас хойш бүтэн жилийн турш хууль бусаар СӨХ-ны эрх үүргийг хэрэгжүүлэн бүтэн жилийн турш төлбөрийг хууль бусаар авч иржээ. Оршин суугчид өгөхгүй гэхэд хувийн компани төрийн төмөр нударгаар “нүдүүлдэг” нь Төрийн банкны Буянт-Ухаа салбар гэнэ. Тус салбар нь шууд л хувийн банкны нэхэмжилсэн төлбөрийг бүтнээр нь төлөхийг шаардаж оршин суугчдийг дарамталжээ. Төр хувийн хэвшлийн төмөр нүүрэнд ээрэгдсэн оршин суугчид “Аж богд инженеринг”, Төрийн банкны үйл ажиллагааг хамтад нь шалгуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан нь “их санасан газар ес хоног хоосон” гэгч болжээ. Энэ удаан хугацаанд тус газар иргэдийн гомдлыг барагдуулах шалгах талаар бараг л хөдөлсөнгүй. Хөдөлсөн ч дургүйд хүчгүй гэдэг шиг юм болжээ. Оршин суугчид 2016 оны 11-р сарын 11-ний өдөр “...Аж богд инженеринг ХХК-ийн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэмжилж буй үйлдэл нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх, сар бүр нэхэмжилж буй үнийн дүн нь үндэслэлтэй эсэх, Төрийн банкны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, таслан зогсоох арга хэмжээ авах” тухай анхны гомдлоо гаргажээ.
.jpg)
Гэсэн ч тус газрын улсын байцаагч Д.Отгонтөгс нь томилолтоор явсан гээд гомдлын хариуг өгсөнгүй. Оронд нь “Аж богд инженеринг“ ХХК-ийн захирал Б.Жаргалсайханд” гэж хаягласан 7/101 дугаар бүхий Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар л үлдээсэн байжээ. Ахин гомдол гаргахад дахиад л улсын байцаагчийн шаардлагын хуулбарыг ирүүлсэнээс өөр арга хэмжээ авсангүй. Энэ хугацаанд Төрийн банк нь оршин суугчдаас хувийн компаний нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь төлөхийг шаардаж, хэсэгчилсэн төлбөрийг хүлээн авахгүй, төлбөрөө бүхэлд нь төлсөн тохиолдолд төлбөрийн баримт гаргаж өгнө гэж дарамтладаг нь хэвээрээ үргэлжилжээ. “Аж богд инженеринг“ ч авдаг мөнгөө авсаар, алданги тооцуулсаар явжээ. ШӨХТГ-ынхан оршин суугчдын төлөөлөлтэй уулзахдаа Төрийн банкны энэ үйл ажиллагааг хууль бус болохыг амаар хүлээн зөвшөөрч хоёр нүүр гаргадаг ч ачир дээрээ юу ч хийдэггүй гэнэ. Төрийн банк хувийн компани хоёрын “нягт зузаан” хамтйн ажиллагааны учир ч тайлагджээ. Бүр 2015 онд Төрийн банкны Буянт-Ухаа тооцооны төвийн захирал болон “Аж богд инженеринг” компаний захирлын хооронд 15/02 дугаар бүхий “Биллер байгууллагатай хамтран ажиллах гэрээ” байгуулж нэг нь төлүүлэх нөгөө нь мөнгийг нь авахаар заасан байжээ. Ийнхүү бүхэл бүтэн хорооллын оршин суугчдын эрхийг төр хувийн хоёрхон байгууллагийн хоёр дарга нь үзэгний үзүүүр хөдөлгөөд л зөрчжээ. Ингээд л төрийн банк бус хувийн компаний банк болжээ. Оршин суугчдаас хууль бусаар СӨХ-ийн төлбөр авсан хувийн компани, төлбөрийг гаргуулж өгсөн төрийн банк хоёр адилхан хариуцлагаа хүлээж хууль бусаар хураасан мөнгөө буцаан төлөх ёстой.
НУУЦ.мн
