Улсад 55,1 тэрбумын хохирол учруулсан хэрэгт яллагдаж буй А.Гансүхийг Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилж болох уу ...
Ерөнхийлөгч Х.Баттулга захрамж гаргаж А.Ганүхийг Монгол улс ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилжээ. Төмөр замын хэргийг гол оролцогчдын нэг гэх энэ эрхэм хэдий гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй ч хуулиар яллагдагч шүүгдэгч гэсэн тодотголтой байгаа. А.Гансүх нь :
- Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн Концессын тухай хуулийн 6.1.2, 19.1 дэх заалтыг зөрчин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлэн улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй, “Энержи Ресурс рейл” ХХК нь БНСУ-ын Самсунг Си энд Ти буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хамтарсан тушаал гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой Монгол Улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Монголын Төмөр зам” ТӨХК-иас бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардалд олгосон 22.940.301.793,02 төгрөгийн санхүүжилтээс 10.382.000.371,02 төгрөгийг,
-Мөн гэрээний 5.4-д заасан Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх заалтын дагуу ажлын явцын төлбөрийн гэрчилгээ 10 хүртэл дугаартайгаар “ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг “МТЗ” ТӨХК-д 128.949,63 метр кубээр илүү тайлагнаж 8.453.935,12 ам доллар буюу 15.118.044.903,00 төгрөгийг гэх мэтээр нийтдээ улсад 55,1 тэрбумын хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа. Шүүх хурал нь хойшилж хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Гэтэл энэ хүнийг Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгчөөо томилжээ. Ерөнхийлөгч хэргийг шүүх шийдэхийг хүлээсэнгүй, бие төлөөлөгч ч хэрэгт холбогдож байгаагаа “мартжээ”. Түүнээс гадна Орос, Хятадтай эдийн засгийн коридор байгуулах ажлыг хариуцуулсан байна. Эдийн засгийн коридорт төмөр зам дэд бүтэц голлож яригддаг. Гэтэл Монголын төмөр замын бантангаас болж энэ хоёр улс олон удаа хууртагдсан. Байгуулсан гэрээ хэлэлцээр нь олонтоо зөрчигдөж , эргэж буцаж байсныг гэрээ хэлэлцээр хийсэн төрийн томчууд нь санаж байгаа. Тухайн үед уг асуудлыг хариуцаж байсан Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарыг бүр ч мартаагүй биз ... Гэтэл хөршүүдээ басамжилж байгаа мэт ийм хүнийг томилжээ. Орос хятадууд сохор дүлий биш. Тэд энд олон жил өрнөсөн төмөр замын маапаан, нарийн бүдүүн царигийн будлианыг маш тодорхой мэдэж байгаа. Төмөр замын хэрэгт ЗТЯ, ТӨХ-ны хамтарсан 91-р тушаал хэрхэн гарсан нь тун эргэлзээтэй байгаа. Энэ тушаалаар “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлыг “Самсунг Си энд Ти” компанид өгсөн. Гэтэл тухайн үед сайд байсан А.Гансүх нь ийм чухал тушаал хэрхэн боловсруулагдсан, хэн эхэлж гарын үсэг зурсаныг санахгүй байна гэж мэдүүлдэг. Ой санамж нь ингэтлээ "муудсан" хүн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг хийж чадах болов уу... Ерөнхийлөгч бие төлөөлөгчөө нэг жилийн хугацаатай томилж өдгөө А.Гансүх нь төрийн ордонд суудаг хүн боллоо. Одоо бие төлөөлөгч Ерөнхийлөгчийн томилолтоор гадаад явж тэр бүрийд нь төмөр замын хэргийн шүүх хурал хойшлох дүр зураг харагдаж байна. Хуулийнхан төрийн ордонд суудаг хүн бүрд хүрч чаддаггүй нь үнэн. Ийнхүү Ерөнхийлөгчийн томилгооноос болж А.Гансүх, ТӨХ-ийн дарга асан Д.Цогтбаатар нарын холбогдсон төмөр замын хэргийн шүүх ажиллагаа бүдгэрэх тал руугаа оржээ.
NUUTS.mn
Hulgaich luivarching songs on hi hi chini
Hulgaich nar orognodog gazartai bolj dee
еронхиилогч та оороо эхэлж шалгуулаад бусдад улгэр жишээ узуулээрэи