Хулгайд алдсан дугуйгаа хулгайчаас хулгайлж буцааж авчээ /хөгжилтэй/
Нийтэлсэн: 2017-07-17 00:44:47
Английн Bristol Post сонинд мэдээлснээр Бристоль хотын Женни Мортон-Хемфрис гэдэг 30 настай эмэгтэй хулгайд алдсан дугуйгаа хулгайчаас хулгайлж буцааж авчээ. Тэрээр Watershed гэдэг худалдааны төвд өглөөний цай уухаар очихдоо дугуйгаа хулгайд алджээ. Эмэгтэй цагдаад өргөдөл гаргаад мөн болсон явдлыг фейсбүүкээр цацжээ. Удалгүй нэгэн хэрэглэгч холбогдож түүний алдагдсан дугуйтай яг ижил дугуйг зарах гэсэн зарлал үзсэнээ хэлж хаягийг нь явуулсан байна. Уг хаягаар нь орж үзэхэд үнэхээр өөрийх нь дугуйг зарахаар зарлал гаргасан байжээ. Эмэгтэй хулгайчийг барихаар шийдэж цагдаад мэдэгдэхэд гайхалтай нь ямар ч хариу өгөөгүй тул өөрөө аргалахаар шийджээ. Тэрээр хулгайчид дугуйг нь сонирхож байгаагаа хэлж уулзахаар цаг болжээ.
-Би уулзаад дугуйг нь худалдан авахаар сонирхож байгаагаа хэлж элдэв зүйл асуун бас дугуйг өөлөн нэлээд цаг авсан. Энэ зуур цагдаа нарыг ирэх байх гэж хүлээсэн ч тэд ирээгүй. Ингээд би дугуйг унаж үзье, талбай тойроод ирье гэж хэлээд унаад л шууд зугтаасан. Маш хурдтай жийсэн. Өнөө залуу гайхан таг мэлрээд л хоцорсон-
Ийнхүү тэрээр дугуйгаа хулгайд алдсанаас хойш 18 цагийн дараа хулгайчаас хулгайлж авчээ. Харин цагдаа нар хулгайлсан залуугаас тайлбар авсан болоод л хэргийг хаасан аж.
NUUTS.mn