Э.Бат-Үүлийн захирамжаар төрийн байгууллагийн 2287 м2 газрыг хувьдаа авсан С.Чулуунбат гэж хэн бэ ...
Нийтэлсэн: 2017-07-07 00:28:56
.jpg)
Улсын баатар Э.Бат-Үүлийг улсын нийслэлийн Засаг дарга байхад газар олголтын ажил маш замбараагүй явагдаж ирсэн. Энэ нь хувь хүнд олгосон газраас гадна төрийн байгууллагийн мэдэлд өгсөн газрын жишээнээс тодхон харагддаг. Төрийн байгууллагийн мэдэлд өгсөн газраас хулгайлж хувь хүнд өгөх нь шалгарсан арга байжээ. Хувь хүний газрыг булаавал хэрэг зарга үүснэ, харин төрийн байгууллагийн газрыг авбал бүхнийг захирагч Засаг даргатай арсалдах албан тушаалтан гарахгүй биз. 2013-2016 оны хооронд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр зөвхөн Э.Бат-Үүлийн захирамжаар төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ, тохижилт бүхий авто зогсоол барих нэрийдлээр 78 байршилд 93,3 га -д газар эзэмших эрх олгосон. Газар олголт нь ямар ч уялдаа холбоогүй эмх замбараагүй явагдсан. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөний газар нь газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөгөө батлахдаа газрын албатай ажлаа уялдуулж зохицуулдаггүй байжээ. Дээрхи 93,3 га газраас 71,1 га нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, НИТХ-ын тогтоолоо зөрчсөн байсан нь одоо тогтоогджээ. Зарим нь бүр гэмт хэргийн шинжтэй байсан байна. Э.Бат-Үүлийн 2014 оны 9-р сарын 23-ны А/811 тоот захирамжаар “Баянзүрх дүүргийн 7-р хороонд дээрээ иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайтай газар доорхи автомашины гараажийн зориулалтаар 2287 м2 талбайг” -г тус дүүргийн ЗДТГ-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ. Мөн тэр өдөртөө газрын гэрчилгээг нь гаргаж өгчээ. Гэтэл 2016 онд сонгуулийн өмнөхөн Э.Бат-Үүл нь А/561 захирамж гаргаж Баянзүрх дүүргийн ЗДТГ-д өгсөн газрын зөвшөөрлөө хүчингүй болгож уг байршилд газар эзэмших эрхийг Бээлийнхэн овогт Сундуйгийн Чулуунбат гэдэг хувь хүнд олгосон байна. Ийнхүү төрийн байгууллагийн мэдэлд өгсөн газрыг ганцхан захирамжаар хувь хүнд шилжүүлжээ. Хэрвээ иргэнд газар эзэмшүүлэх бол хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт явагдах ёстой ч хийгдсэнгүй. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа газраа булаалгачихаад засаг шиг дуугай л сууж байсан. Дүүргийн мэдлийн газрыг хувь хүнд сонгуулийн өмнөхөн өгсөн нь хотын захиргааны шинэ байр барих концессын гэрээг гадаадын компанид өгсөнтэй нь адилхан “ажил” бололтой. Э.Бат-Үүл нь нийслэлийг удирдсан дөрвөн жилийн дотор нийтдээ 81 захирамж гаргаж төрийн байгууллагийн зайлшгүй хэрэгцээнд өгсөн газруудаас бүхэлд нь болон хэсэгчилэн тасалж 123 иргэн, компани болон ТББ-д өгчээ. 2016 оны сонгуулийн дараа Э.Бат-Үүл нь АН-ын ялагдал цунами болсон шиг үймээн тарилаа хэмээн халаглаж суусан. Цунами болсон нь ч зөвджээ. Тэгээгүй бол энэ мэт хууль зөрчсөн, дураараа авирласан явдал ахин дөрвөн жил үргэлжилэх байжээ.
НУУЦ.мн
