234 сая төгрөгний үнэтэй баавгайн 136 ширхэг сарвуу гаргах гэсэн Монгол-Хятадын бүлэглэлийг Дорнодоос илрүүлж баривчилжээ
Нийтэлсэн: 2017-07-04 02:38:59
.jpg)
Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү хилээр баавгайн савар гаргах гээд баригдсан. Сүүлийн үед зүүн хязгаарын боомтоор “Улаан ном”-нд орсон хориотой амьтан болох хүрэн баавгайн саварыг нууцаар хил гаргах нь ихэссэн. Монголд хүрэн баавгай цөөн, нийтдээ 250 орчим тоо толгойтой байдаг гэдэг. Тэгвэл саяхнаас Оросоос оруулж ирээд Хятад гаргадаг болсон бөгөөд орос монгол хятад иргэд оролцсон гэмт бүлэглэл зохион байгуулалттайгаар хийдэг болжээ. Жинхэнэ эзэд нь орос хятадууд харин монголчууд ердөө гүйцэтгэгчид гэнэ. Хэрэг илрэхэд эзэд нь мултарч үлдээд гүйцэтгэгчид нь баригддаг. Хил дээр ирээд л машинаа сольж өөр тэргэнд суудаг агаад баригдсан хойно гүйцэтгэгч монголчуудаа ерөөсөө танихгүй гэж мэдүүлдэг тул тэд л хориотой барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэрэгт унадаг болсон. Ийм “азгүйчүүд” нь Ариунзул Баярхүү гэдэг Дорнодын иргэд гэнэ. Тэд БНХАУлсын иргэн Ли Шинь Тиан /Li Shengtian/, ОХУ-ын иргэн Радик Гильфанов нарын захиалгаар мөн хятад иргэд болох Жэнь Пөн /Li Zhengpeng/, Жин Чен Бау /Jin Qianbao/ нартай бүлэглэн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг бүр нь 6,5 сая төгрөгийн үнэтэй “хүрэн байвгайн” хойд 72, урд 64 ширхэг, нийт 234 саяын үнэтэй 136 ширхэг сарвуу, мөн 29,70 кг жинтэй 21 сая төгрөгний үнэтэй ногоон өнгийн пийсүү /Jadeite/ чулуу, 126 кг жинтэй 97 сая төгрөгийн үнэтэй цагаан, ногоон, саарал өнгийн хаш /Neprite/ чулууг “71-50 ДОР” улсын дугаартай “Тоёота Ланд крузер-100” маркийн авто машины шатахууны үндсэн банкинд хийж нуун далдалж 2016 оны 10 сарын 23, 26, 29, 31-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсаас “Эрээн цав” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор давтан үйлдлээр хууль бусаар оруулж иржээ. Оросоос “амжилттай” оруулж ирсэн бараагаа “Хавирга” боомтоор гаргах гэж байгаад баригдсан. Ариунзул гэдэг эмэгтэйг хятад Жин Чинбау, монгол Хилчин гэдэг хүмүүс энэ ажиллагаанд татан оруулсан гэнэ. Машин барьж чадах эсхийг нь асуугаад “..ОХУ-аас машинаар хүнсний зүйл ачаад БНХАУ-ын Манжуурт авчирч өгнө, цалин нэг удаагийн явалтад 300 юань, сард багадаа 6 удаа явна, буудал, хоол, замын зардлыг чинь даана ...” гэжээ. Ингээд нэлээд ярилцаж хориотой бараа зөөхгүй гэдгээ ч хэлжээ. Тэд тохиролцоонд хүрэхэд монгол эмэгтэйд Юнителийн дугаар надад өгчээ. Мөн тэр өдөр нь “71-50ДОР” улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн машиныг нэр дээр нь үнэ төлбөргүй шилжүүлж өгчээ. Уг машины эзэн нь Батбаяр гэгч бөгөөд “Да хүрээ” захаас худалдаж аваад Уулаагийн нэр дээр шилжүүлж өгсөн байжээ. Машиныг хориотой бараа зөөхөд зориулан бензин банкны дээд талыг тасдаж бензинээс өөр зүйл хийх зориулалттай болгон тусгайлан тоноглосон байсан гэнэ. Ингээд хүнсний бараа зөөхөөр Орос явдаг болжээ.
.jpg)
Эрээнцавын боомтоор гарч Запкаска гэх тосгонд очиход Жин Чинбау утсаар ярьж буух зочид буудлыг нь зааж өгчээ. Очиход нэг жижигхэн биетэй, залуухан эрэгтэй хужаа тосч аваад орос иргэний машиныг дагаж явсаар нэгэн гараашид оржээ. Өглөө нь 6 цагт машиныг нь авч ирэхдээ ард талыг нь чихэр, гурил, ургамлын тосоор дүүргэсэн байжээ. Энэ мэтээр 6-8 удаа Орос гарчээ. Хамгийн сүүлд Борзя гэх тосгонд очсон гэнэ. Урьдын адил машиныг нь авч яваад өглөө нь ирэхдээ бараагаар дүүргэсэн байдаг. Дорнодод ирэхэд нь Хилчин ах, И Пен нар нь “Чадангууд” буудлын дэргэд машиныг нь хүлээж аваад 2-3 цагийн дараа буцааж өгдөг байжээ. Хамт явдаг Баярхүү нь Оросд хүлээн авсан хятадууд машиныг нь онгичоод шуудайтай юм хийгээд байдгийг олж харжээ. Хятадуудад хандаж “болохгүй юм хийгээд байгаа юм уу” гэхэд “та хоёрт хамаагүй, Хятад Монголын хилийг бид аргална, бид цалингийг чинь өгнө, хэрвээ бидний юмыг оролдох юм бол ална шүү” гээд хоолой дээр нь зурж харуулжээ. Тэд 2016 оны 11-р сард бүх бараагаа ачаад И Пен гэх хятадын хамт Хавиргын боомтоор гарахаар Дорнодын төвөөс хөдөлжээ. Боомтод дөхөж ирээд хятад иргэн нь өөр машинд суужээ. Харин хилийнхэн монгол гүйцэтгэгчидийн сууж явсан “ланд-100” машинаас баавгайн савар, үнэт чулууг илрүүлжээ. Баригдах үед хятад иргэн нь монгол хамтрагчдаа огт танихгүй хэмээн мэдүүлснээр тэд 234 саяын үнэтэй баавгайн савар, 100 гаруй саяын үнэт чулуу хилээр нууцаар гаргах гэсэн хэрэгт унаж саяхан хорих ялаар шийтгүүлсэн байна.
НУУЦ.мн
