ИТХ-ын дарга асан С.Буджав Засаг дарга асан С.Сүхбаатараас Солонгосд казинодсон 128 мянган воноо нэхжээ
Гэсэн ч шүүхийн шатанд нэхэмжлэлийнхээ мөнгөн дүнг бууруулж 16 сая төгрөг болгожээ. Саяхан Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн АН-ын даргыг зодсон шуугиан дэгдсэн. Гэхдээ зодолддог нь ганц энэ нам бус. МАН, МАХН-ынхан ч зодооны хэргээрээ нэртэй. Дундговь аймагт болсон энэ зодоон өнгөрсөн жил болсон ч жил дамжин явсаар саяхан л шүүхээр шийдвэрлэгджээ. Тухайн үед ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ардын намын С.Буджав нүдээ хөх няц болгуулсан. Зодооны шуугиан дэгдэхэд Б.Амарсанааг зодсон гэсэн хэл ам гарсан. Гэсэн ч аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Сүхбаатар цохисон байжээ. Хэрэг явдал 2016 оны 3-р сарын 17-ны өдөр Адаацаг сумын ЗДТГ-ын хурлын танхимд сумын МАН-ын хорооны хурлын үеэр болжээ. Нүүрний эгнээд сумын намын хорооны даргатай зэрэгцэн Б.Амарсанаа, С.Сүхбаатар болон С.Буджав нар сууж байжээ. Эхлээд Б.Амарсанаа сумдаар торйон ажилласан тайлангаа тавиад сонгуультай холбоотой мэдээлэл хийсэн аж. Дараа нь С.Сүхбаатар хуульч мэргэжилтэйн хувьд Сонгуулийн хуулийн талаар яриа хийжээ. Гэсэн ч яриа нь хадуурсан аж. Тэрээр өнгөрсөн 2012 оны сонгуульд манай нам аймагт ялсан ч зарим гишүүд АН-д урваснаас болж ялалтаа алдсан, үүнд буруутай С.Буджав хэмээн нэр цохон шүүмжилжээ. Ер нь аймгийн удирдлагад гарсан хүмүүс намын намын нэртэй л болохоос намын төлөөлөл болж чаддаггүй гэсэн байна. Мөн С.Буджавын ламтай авахуулсан зургийг жишээ татан буруушаасан гэнэ. Үүнийг сонсож байсан ИТХ-ын дарга “чи манай суманд ирчихээд юу гээд байгаа юм” хэмээн уурсжээ. Энэ нь ч аргагүй. Тэрээр “дошин” дээрээ байгаа хүн аж. С.Буджав нь Адаацаг сумых агаад эцэг эх нь байдаг. Энэ сумаас аймгийн ИТХ-д сонгогдон Хурлын дарга болсон атал нутгийн олны өмнө нь элдвээр хэлсэнд ихэд дургүйцжээ.
Түүний мэдүүлснээр С.Сүхбаатараас архи үнэртэж байсан агаад бараг 20 минут өөр лүү нь дайрсан гэнэ. Эцэст нь үндэслэлгүй шүүмжлэлээ зогсоохыг шаардахад суунгуутаа шууд нүд рүү нь цохьжээ. С.Буджав цохиулангуутаа нүдээ дарж ““та бүхэн харсан биз дээ, намайг ард иргэдийн өмнө доромжиж цохилоо” гээд сумын цагдааг дууджээ. Мөн Б.Амарсанаа руу хандаж “чи намайг дуудаж ирүүлээд.Сүхбаатараар зодууллаа” гэхэд цаадах нь “ёстой тийм байхгүй” гээд халгаасангүй. ИТХ-ын дарга зодуулсан шуугиан тэр дороо сумаар тарж даргын талынхан ирцгээсэн байна. Харин Б.Амарсанаа “сүртэй юм болоогүй” гээд хурлыг тараажээ. Цохьсон цохиулсан цагдаадтай үлдэж аймгаас ирэх цагдааг хүлээж гурван цаг суужээ. Энэ хооронд хүмүүс С.Сүхбаатарт халуун цай авчирч өгч уулгажээ. Мөрдөн байцаалтын явцад тэрээр цохисоноо хүлээн зөвшөөрөөгүй ч гар хүрсэн байхыг бас үгүйсгэхгүй гэсэн. Хуралд оролцсон намын нөхөд С.Сүхбаатарыг хамгаалсан мэдүүлэг өгсөн. Ихэнхи нь цохиж байхыг нь хараагүй гэсэн бол харсан гэх хүмүүс нь “Сүхбаатарын гар гозолзож байсан, гар нь Буджав руу явж байсан” гэх мэтийн элэг авам мэдүүлэг өгчээ. Цохиулсанаас С.Буджав нь баруун нүдний ухархайн дотор хана 1.2см урттай, этмойд хөндий рүүгээ 0.6см орчим цөмөрсөн хугарал, тархи доргилт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, хөмсөгөнд зулгарсан гэмтэл авчээ. Ингээд Солонгос явж эмчлүүлсэн байна. Эхлээд нийтдээ 200 сая төгрөг нэхсэн ч дараа нь татан авч 16 сая төгрөг нэхэмжилжээ. Гайхалтай нь С.Сүхбаатараас эмчилгээний зардал , өмгөөллийн хөлснөөс гадна Солонгосын казиногоор үйлчлүүлсэн 128 мянган воноо хүртэл нэхжээ.
НУУЦ.мн