Ч.Содномцэрэн: Дахин СОНГУУЛЬ болохгүй, дахин САНАЛ ХУРААЛТ болно
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Зургаадугаар сарын 26-ны өглөөний 07:00-22:00 цаг хүртэл нийт 1,968 санал авах байранд 1,338,626 иргэд, сонгогчид саналаа өгсөн байна.
Сонгуулийн ирц 66.5 хувьтай байв.
Сонгогчдын 38,1 хувь буюу 517,330 иргэн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад, 30,3 хувь буюу 411,519 иргэн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 30,1 буюу 409,777 иргэн саналаа өгчээ.
Ингэснээр Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нарын дунд дахин санал хураалтын товыг зарлах бөгөөд олонхийн санал нь 50%+1 юм.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр оройн мэдээллээрээ "Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол улсын Ерөнхийлөгч гэж үзнэ" хэмээсэн юм.
NUUTS.mn
