Гурван нөхрөө хордуулж хөнөөн даатгалаас 9 сая доллар авсан 70 настай эмэгтэйг шүүж байна
Нийтэлсэн: 2017-06-27 01:35:29
Наран улсад шуугиан татсан шүүх хурал болж байгаа тухай Japan Today мэдээлжээ. Өнгөрсөн даваа гаригт Киото хотын шүүх гурван нөхрөө хордуулж хөнөөн даатгалаас нийтдээ есөн сая доллартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авч чадсан 70 настай Тисако Какэхи гэдэг эмэгтэйг шүүж эхэлжээ. Тэрээр Япон даяар “хар бэлэвсэн эхнэр” гэдэг нэр авсан. Тисако Какэх нь Фукуока мужаас гаралтай агаад анх 24 насандаа нөхөрт гарчээ. Нөхөр нь жижигхэн хэвлэлийн үйлдвэртэй байсан ч дампуурч улмаар 1994 онд нас баржээ. Нөхрөө нас барсаны дараа Тисако өр төлбөрөө дарахын тулд байшингаа хүртэл зараад бараг ямар ч орлогын эх үүсвэргүй болжээ. Ингээд л нөхөрт гарч эхэлсэн байна. Сүүлийн 20 жилд тэрээр нийтдээ 10 удаа гэрлэсэн. Зальтай эмэгтэй нөхрөө тун “ухаалгаар” сонгон авч жилийн 10 сая иень буюу 90 мянган доллароос дээш орлоготой эрчүүдтэй гэрлэж байсан байна. Түүнийг нөхрөө хордуулж алаад дараа нь даатгалаас амь даатгалын их хэмжээний нөхөн төлбөр авч байгаа гэх сэжиг 2014 онд гарчээ. Тэр үед Тисакотой гэрлэсэн 75 настай өвгөн хоёр сарын дараа л нас баржээ. Задлан шинжилгээгээр биенээс цианит илэрсэн байна. Өмнө нь 71 настай Мазанори Хонда, 75 настай Минору Хиокинар нар нь мөн л гэрлэснээсээ хойш жилийн дотор л нас баржээ. Хамгийн сүүлд тэрээр ээлжит шинэ нөхөр болох 79 настай Тошиаки Суехирог хордуулж алах гэжээ. Нэгжлэгээр гэрийх нь хогны саваас цианитын шил гарч ирсэн байна. Ингээд 2014 оны 11-р сард Тисаког баривчилжээ. Нөхрүүдээ хордуулж алж байсан 2005-2014 оны хооронд тэрээр даатгалын компаниас нийтдээ есөн сая доллартай тэнцэх хэмжэний иенийг нөхөн төлбөр болгож авч чадсан аж. “Хар бэлэвсэн эхнэр”-ийн шүүх хуралд 50 хүн гэрчээр мэдүүлэг өгч байна. Мөн 500-600 хүн шүүх хуралд нь сууж байгаа гэнэ.
НУУЦ.мн