Төсвөөс 150 сая төгрөг авсан Тэмээн полоны холбоо тэмцээнээ яагаад хийгээгүй вэ Ц.Оюунбаатар ерөнхийлөгч өө ...
“2017 оны тэмээн поло спортын УАШТэмцээн Дорноговь аймагт зохиогдохоор яригдаж эхэллээ. Баг тамирчид эртнээс бэлтгэлээ хангана уу” гэсэн зар цахимаар цацагдаад таг болсон. Бодвол мөнгөгүй болоод зохиогдоогүй биз гэмээр. Гэтэл мөнгөтэй байжээ. Бүр бусад холбооноос их мөнгөтэй байсан агаад жилийн өмнө урьдчилаад авчихсан байсан аж. Энэ нь Биеийн тамир, спортын хөгжлийн төв гэж байх үеийн дарга Д.Жаргалсайханы үед болсон. Мөн “Тэмээн поло” спорт уралдаан, аялалын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нь шадар сайд байх үетэй таарсан. Тус холбооны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 3-р сард Өмнөговь аймагт болж төсвөөс 27,6 сая төгрөг зарцуулсан. Мөнгийг Д.Жаргалсайханы тушаалаар гаргасан. Гэтэл ердөө гуравхан сарын дараа буюу 2016 оны 6-р сарын 20-ны өдөр дарга “Тэмээн поло” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 150 сая төгрөгөөр зохион байгуулах тушаал ахин тушаал гаргажээ.
Нэг холбоо ийнхүү УАШТ нэрээр төсвөөс жилд хоёр удаа мөнгө авч чадсан байна. Тушаал гарсанаас хойш Тэмээн полоны холбооныхон таван удаагийн нэхэмжлэлээр нэгхэн өдрийн дотор бүх мөнгөө бүрэн авчээ. Биеийн тамир, спортын хөгжлийн газар ч нөөц сангаасаа яаран гаргаж өгсөн байна. Гэтэл тэмцээн болсонгүй. 2017 онд ч мөн болоогүй. Харин мөнгө авсан үеийг санахад ихээхэн сонирхолтой гаргалаа гарч байна. 2016 оны 6-р сарын 20-30-ний өдрүүд нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны төгсгөлийн үе байсан. Намууд хийх юмаа хийж хаях юмаа хаяж байсан цаг. МАХН-ын Ц.Оюунбаатар УИХ-ын 55-р тойрогт нэр дэвшсэн. Энэ бүхнээс харахад тэмээн полонд зориулагдсан мөнгө МАХН-ын сурталчилгаа руу “хальтирч” орсон байх гэх хардлага харагдаж байна. Гэхдээ экс шадар сайд сонгуульд ялаагүй ч Риогийн Олимп үзчихсэн. Хэдийгээр Олимпод оролцогчдын бүх зардлыг төрөөс даасан ч Биеийн тамир спортын хөгжлийн төв Шадар сайдад нэмэлт 4,8 сая төгрөгийн зардал гаргаж өгсөн
НУУЦ.мн