Хятадын Сэхэ боомтны биеэ үнэлэгчдийн босс монгол Сараа, өвөрмонгол Жаран нар баригджээ
Нийтэлсэн: 2017-06-12 02:50:19

Ар өвөр хоёр монгол ахимаг эмэгтэй гар нийлэн Монголоос ирсэн 10 гаруй биеэ үнэлэгчдийг Хятадын Сэхэ боомтонд биеийг нь үнэлүүлж байгаад цагдаад баригджээ. Монгол босс нь биеэ үнэлэгчдийн хамт нутаг буцагдаж энд ирээд эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бол өвөрмонгол босс нь тэндээ торгууль төлөөд салжээ. Баригдсан монгол хүүхнүүд өмнө нь Улаанбаатард “Оргил” саунд хамт ажилладаг байсан гэнэ. Ихэнхи нь Эрээн гарч “ажиллаж” байсан туршлагатай хүүхнүүд аж. Харин монгол босс Сарагийн жинхэнэ нэр нь Ягаан... гэдэг болохыг Сэхэ боомтонд очоод л мэджээ. Сэхэд анх “мөрөө гаргасан” нь Сараа эгч гэнэ. Тэрээр 47 настай агаад залуу бүсгүйчүүдээс огт дутдаггүй аж. 2016 оны 4-р сард анх ганцаараа Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтоор хил гарч Сэхэд очжээ. Очсон даруйдаа ижил “чиглэлийн” үйл ажиллагаа эрхэлдэг Жаран гэдэг өвөрмонгол эмэгтэйтэй тэр дороо танилцжээ. Тэд үе тэнгийх агаад өвөрмонгол нь залуухан нөхөртэй гэнэ. Жаран нь үсчин нэрийн доор биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг туршалагтай нэгэн байж. Сараа эхний ээлжинд байдлыг тандан долоо хоног хэртэй Жарангийн гаргаж өгсөн байранд “ажиллажээ”. Ажиллах нөхцөл олох орлого тун дажгүй байсан гэнэ. Ингээж өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллахаар шийдэн “баг бүрдүүлэхээр” Монгол руу буцжээ. Улаанбаатард ирээд “Оргил”-д хамт ажиллаж байсан хүүхнүүдтэйгээ холбоо барьсан байна. Энэ нь Эмма гэх Р, Женни гэх Т нарын гурван бүсгүйчүүд байжээ. Сара тэдэнд Сэхэ нь Эрээн шиг өрсөлдөөн ихтэй биш, нам гүм тайван газар гэж магтахад цаадуул нь зөвшөөрчээ. Ингээд тэд дөрөв Драгон төвөөс микронд суун Өмнөговь руу явжээ. Шивээ хүрэнгийн боомтоор гаран Сэхэд очиход Жаран нөхрийн хамт тосож авсан байна.Үйл ажиллагааны хувьд ар монгол хүүхнүүдээ Сараа удирддаг ч орлогоноос нь хувь авдаггүй байжээ. Харин өвөрмонгол Жаран нь байраар хангаж аюулгүй байдлыг хариуцаж үйлчлүүлэгч олж өгж байгаагийн хувьд хүн бүрээс орлогийх нь 40 хувийг авдаг байжээ. Ийнхүү Улаанбаатараас ирсэн баг удтал ажилласан байна. Энэ зуур хотод Сэхэ боомтод очсон хүүхнүүд “сайн” яваа тухай яриа гарчээ. Хотоос ахин гурван ч хүүхэн Сараа руу утасдаж хүлээж авахыг гуйсан гэнэ. Энэ тухай Мишээл гэх Д нь “... Сара эгч рүү ярихад эгч нь энд байна, шинэ газар гайгүй юм байна, хүрээд ир, хотоос унаа явж байгаа суугаад ир гэхээр нь Г бид хоёр гадаад паспорт шинээр захиалж аваад Сэхэ боомт руу явсан. Сэхэ боомт дээр очиход Сараа эгч болон Жарангийн нөхөр гэх залуугийн хамт ирж тосож авсан. Ингээд Жаран авгайн охидыг байрлуулдаг газар биеэ үнэлдэг байсан. Сараа эгч Сэхэ боомтод ирж биеэ үнэлэх талаар санал тавихаар нь зөвшөөрөөд очсон. ...Би Сараа эгчийг дундаас нь мөнгө авдаг байсан эсэхийг мэдэхгүй байна. Жаран авгай л бид нарын биеэ үнэлж олсон мөнгөний 40 хувийг авдаг байсан ...” гэжээ. Ингээд Сара Жаран нарын баг нэлээд удаан ажиллажээ. Энэ зуур зарим нэг нь “заяаны ханиа” ч олоод авчээ. У гэдэг бүсгүй үйлчлүүлэгч өвөрмонгол залуутайгаа хайр сэтгэлтэй болж суун бүр хүүхдийг нь гаргажээ. Бас нэг бүсгүй өвөрмонгол залуугийн хамтран амьдрагч нь болсон гэнэ. Гэхдээ л тэд Хятадын цагдаад баригдаж оны өмнө буцаж ирсэн. Сарааг дагаж явсан бүсгүйчүүд бүгд санал гомдолгүй гэсэн ч биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэмээн хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
НУУЦ.мн
