Архангайн ЦТС-ний инженер асан дарга болохын тулд 25 сая төгрөгөө “Фортуна”-гийн "туслах"-д өгөөд 2 жилийн дараа эргүүлж авчээ
Нийтэлсэн: 2017-06-08 03:34:51
Өөрийгөө УИХ-ын гишүүн Н.Батбаярын хөдөө орон нутаг хариуцсан зөвлөх гэж танилцуулсан Б.Б гэгчид Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний инженерээр ажиллаж байсан Ч.Т нь сүлжээний дарга болохын тулд 2013 онд 25 сая төгрөг өгөөд алджээ. Эцэст нь хуулийн байгууллагад хандаж байж мөнгөө олж авсан агаад туслах асан залилангийн хэргээр шийтгэгдсэн байна. Ажил бүтээж өгөгч нь “Түвшинжаргал өөрөө эхэлж аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргын албан тушаалд томилуулж өгөөч” гэж гуйсан гэжээ. Түүний гуйлтыг Очирбат гэдэг ах нь бас захиж хэлсэн байна. Ингээд 2-3 жил үргэлжилж 25 сая төгрөгийг дамнуулж авсан “ажил бүтээж өгөх” ажиллагаа эхэлжээ. Ажил бүтээж өгөгчид аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргыг томилуулах эрх мэдэл мэдээж байгаагүй. Гэсэн ч хүнд “туслахын” үүднээс зохих хүмүүстэй нь ярьж хөөцөлдөж байжээ. Гэтэл нөгөө хүмүүс нь ажлаасаа өөрчлөгджээ. Дээр АН нь сонгуульд ялагдсан тул нэгэнт бүтэхгүй болсон байна. Харин ажил горилогч нь ахынхаа зуучилсаны дагуу Батхангай гэдэг туслахтай уулзсан байна. Уулзсанаас хойш ердөө гуравхан хоногийн дараа “бичиг баримтаа 10 сая төгрөгийн хамт аваад ир, Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний салбарын даргын албан тушаалд ажилд оруулж өгнө, холбогдох хүмүүстэй нь ярьчихлаа, Эрчим хүчний яам болон бусад хүмүүстэй уулзсан байгаа” гэхээр нь яаран мөнгөө бэлдээд бэлнээр аваачиж өгчээ. Удалгүй бичиг баримт мөнгийг чинь Эрчим хүчний сайд Сономпилийн зөвлөхөд өгсөн, хүлээж бай гэсэн хариу өгчээ. Гэтэл үнэндээ мөнгийг нь хувьдаа зарцуулаад явж байсан байна. Ингээд удтал хүлээлгэжээ. Эцэстээ ажил горилогч тэсэх байгаад “одоо болъё, бүтэхгүй бол мөнгөө буцааж авмаар байна” гэхэд ажил бүтээж өгөгч гуай “яамны эрчим хүчний газрын даргад хэлсэн, ахиад түр хүлээж бай” гэж ахин итгэл төрүүлжээ. Ингэж хэлсэнээс хойш жил таг болжээ. Жилийн дараанаас ажлыг чинь жинхэнэ хөөцөлдөж байна, одоо л мөнгө төгрөгний хэрэг гарлаа гээд нэхэж авдаг болжээ. Хүнтэй уулзмаар байна, яаж хоосон уулзах юм эсвэл мөнгөгүй бол яаж ажил чинь бүтэх юм гэх зэргээр айлгах туних маягаар мөнгө авч байсан аж. Эхний 10 сая төгрөг дээрээ нэмж 23 удаагийн шилжүүлгээр 8,4 сая төгрөгийг ахиж өгчээ. Мөн нэг удаа бэлнээр гурван сая төгрөг өгчээ. Гэтэл ажил нь бүтсэнгүй. Ингэсээр байтал сонгууль болж АН навс ялагдаж ажил нэгэнт бүтэхгүй нь тодорхой болмогц алдсан мөнгөө олж авахаар хуулийн байгууллагад хандсан байна. Харин аз болоход авсан хүн нь мөдөн байцаалтын шатанд мөнгийг нь буцааж өгөн санхүүгийн хохирол нь арилсан ч дэмий хүлээсэн хоёр жил, дэндүү найдсан итгэл найдвар нь талаар болжээ.
НУУЦ.мн
