14 нууц материал “задруулсан” гэх “Капитал”-ын салбарын захирал “Капитрон”-д том дарга болж “Бишрэлт”-ийн Б.Ундармааг ухаан алдуулах дөхжээ
Нийтэлсэн: 2017-06-07 02:06:00
.jpg)
Энэ явдал “Капитал” банкинд бөөн шуугиан дэгдээжээ. Бакны зээлийн тайлангаас эхлээд вип-хадгаламж эзэмшигчдийх нь мэдээллийг хүртэл хувийн цахим хаяг руугаа нууцаар шилжүүлсэн “Таун” салбарын эрхлэгчээс болж уг мэдээлэл нь задарч банкинд нь 7,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гаргасан байна. Түүнээс гадна уг салбарын эрхлэгч нь өрсөлдөгч болох “Капитрон” банкинд том дарга болсон нь бүр ч нэрмээс болжээ. Банкных нь нууц мэдээлэл өрсөлдөгчийх нь гарт орсон гэх хардлага хамгийн түрүүнд дэгдсэн. Мөн 7,1 тэрбумын хохирлын тооцоо гарсан нь банкны дээд удирдлагыг ухаан алдтлаа бажигдсаныг харуулж байна. Гэхдээ үүнд “Капитал” банкны гүйцэтгэх удирдлага өөрсдөө тодорхой хэмжээгээр буруутай байжээ. Асуудлыг хугацаанд нь яаралтай шийдвэрлэлгүй алгуурлаж цаг ихээхэн алджээ. Үүнээс гадна нууц мэдээлэл алдагдсныг бүхэн бүтэн гурван сарын дараа л мэджээ. Тухайн салбарын захирал нь хувийн бизнес хийх шалтгаанаар ажлаас чөлөөлөх өргөдлөө гаргаж Б.Ундармаа нь амаар зөвшөөрсөн байжээ. Гэтэл ажил хүлээлцэх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарахгүй сар илүү болсон гэнэ. 30 хоног таг чиг байсан байна. Ажлыг нь хүлээлцүүлэлгүй удсан нь салбарын захиралд айдас болгоомжлол төрүүлжээ. Эхлээд ажлаас гарсаны дараа асуудал үүсэж магадгүй гэж айжээ. Нөгөө талаар ажлаас гарсан хүмүүсийнхээ араас “Капитал” банк нь хуулийн байгууллагад их ханддаг тул өөрийгөө хамгаалах гэсэн гэнэ. Тэрхүү 14 ширхэг нууц материал нь мянган гаруй хуудас том эд байжээ. Ингээд хувилах , хэвлэх аргагүй тул өөрийнхөө цахим хаяг руу сэмхэн шилжүүлсэн байна. Үүний дараа ажлаа салбарын эдийн засагч болон бусад ажилтнуудаа шууд хүлээлгэж өгчээ. Том салбарын захирал нь өөрийн дураар “ажлаа хүлээлгэж ” байгааг гэнэт мэдсэн гүйцэтгэх захирал Ариунболд нь тушаал гаргаж ажил хүлээлцэх комисс иржээ.
Комиссд салбарын удирдлагын газрын захирал Наранхүү, дотоод аудитын газрын захирал Хангал зэрэг томчууд иржээ. Ажил хүлээлцэхэд ямар нэгэн асуудал гарсангүй тул Капитал банкны “ажил хүлээлцэх заавар”-ын дагуу хүлээлцүүлэв гэсэн акт гарчээ. Гэтэл гурван сарын дараа Эрсдэлийн удирдлагын газрын мэдээллийн аюулгүй байдлын албанаас гадагшаа явсан бүх мэйл хаягуудыг хянаад сэжигтэй гэсэн мэдээллүүдийн жагсаалт гаргахад л ажлаас гарсан захирал нь банкны нууц мэдээллийг хувийн цахим хаяг руугаа шилжүүлсэн болохыг тогтоож бөөн шуугиан дэгджээ. Эрсдэлийн удирдлагын газрын шалгалтаар зээлдэгч болон хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл, дэлгэрэнгүй тайлан зэрэг “маш нууц” зэрэглэлийн 14 материал алдагдсан байжээ. Үүнд худалдсан зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан, хугацаа хэтэрсэн зээлийн тайлан вип- хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл зэрэг оржээ. Үүний хамт халагдсан захирал нь өрсөлдөгч “Капитрон” банкинд ажилд ороод Баянгол салбарын захирал болчихсон байсан нь хэл амыг улам дэвэргэсэн. Хоёр банк хоорондоо ширүүн өрсөлддөг гэнэ. Энэ нь банкны нууц мэдээлэл өрсөлдөгч банкны гарт орсон гэх сэжиг таамгийг улам ихэсгэжээ. Хэрвээ өрсөлдөгч банк нь тэрхүү мэдээллийг хүлээн авсан бол “Капитал” банкны үйл ажиллагаа, санхүүгийн чадварын тухай бодит дүр зурагтай болож байжээ. Уг нь Банкны тухай хуулинд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглодог. Ажлаас гарсан ч гэсэн албаны нууцыг таван жил хадгалах үүрэгтэй байдаг. Харин халагдсан захирал нь өөрийн цахим хаяг руугаа л шилжүүлсэн болохоос ашиглаагүй, задлаагүй, бусдад дамжуулаагүй ер нь нээж ч үзээгүй гэж өөрийгөө өмөөрчээ. Гэхдээ үүнд нь “Капитал”-ынхан итгээгүй. Эрсдэлийн удирдлагын газар нь 14 ширхэг нууц мэдээлэл алдагдснаас үүдсэн хохирлоо тооцоод 7,1 тэрбум төгрөг гэж гаргасан. Дараагийн нийтлэлд энэ асуудлаас болж хоёр банкны харилцаа хэрхэн хурцадсан тухай хүргэнэ.
НУУЦ.мн
