Г. Чойжамц : Монголд болж байгаагүй өвөрмөц АДУУНЫ ФЕСТИВАЛЬ-ийг “Булган хөгжил Энэбиш сан” ивээн тэтгэхээр болсон
Нийтэлсэн: 2017-05-22 00:30:06
“Адууны фестиваль” санаачлагч “Сайхан Агтын Унага” ХХК-ний захирал Г. Чойжамцтай цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголчуудын бахархал омогшлыг төрүүлэм том төсөл удахгүй хэрэгжих гэж байна. Хүмүүст энэ төсөл сонирхолтой санагдаж байгаагийн үндсэн дээр тодруулга авахыг хүссэн юм. Юуны өмнө уг төслийн талаар уншигчдад маань тодорхой ойлголт өгөхгүй юу.
-Тэгэлгүй яахав баярлалаа. Тиймээ бидний хийхээр төлөвлөж байгаа төсөл бол Монгол хүн бүртэй холбоотой юм. Монгол хүн бүрийн цусанд адуу моринд, хайртай сэтгэл байдаг байх . Бид адуутай холбоотой аялал жуучлалын том арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Би өөрөө Булган аймгийн тэр тусмаа Сайхан сумын хүүхэд АДУУ, АЙРАГ -д маш их дуртай. Ер нь би нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ? Нутагдаа хэрхэн нэмэр болох вэ? гэсэн гэнэн мөрөөдөл тээж явдаг. Тийм ч учраас АДУУ, АЙРАГ хоёр дээр тулгуурласан томоохон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн юм. Энэ зун 7 сард Адууны бүрэн хэмжээний фестивал урд өмнө хийгэдэж байгаагагүй шинэ байдлааар хийгдэх юм л даа.
-Үнэхээр сайхан төсөл байна. Анх удаагаа “Адууны фестиваль” хийж байна гэдэг чинь мөн л Булганы хүү нутагтаа зохиож Анхдагч болж байгаа юм байна аа гэж бодогдлоо. Адууны фестиваль гэхээрээ зөвхөн Булганы сайхан сумын л адуу,айраг хамрагдах уу? Хэдий хугацаанд үргэлжлэх үйл ажиллагаа вэ? Хэдэн адуу оролцох төлөвтэй байна.
-Ер нь бол адуучин нэвтрүүлэг, адууны баяр гэх мэт адуутай холбоотой жижиг үйл ажиллагаанууд болдог байсан. Бидний төсөл бол тэдгээрээс арай өөр юм. Булган аймагт Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж энэхүү үйл ажиллагааг аялал жуулчлалын зориулалтаар хийх юм. Ойролцоогоор 2000 орчим адуу энэхүү фестивальд оролцоно гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 7-р сарын 10-аас 8-р сарын 10-ны хооронд нэг сарын хугацаанд төслийн камп ажиллана. Энэ хугацаанд гурван удаа фестиваль болно.
-Яг хаана зохиогдох вэ? Ер нь томоохон фестиваль болоход байршил маш чухал.
-Тэгэлгүй яахав бид газраа сонгосон байгаа. Адуу, Айраг гээд ярихаар мэдээж Булган аймгийн Сайхан сум санаанд шууд бууна. Тэр ч утгаараа Сайхан сумруу чиглэнэ. Гэхдээ дэд бүтцээ бараадах хэрэгтэй учраас шууд Сайхан суманд байх боломжгүй. Ингээд бид удаан судалсны эцэст Булган аймгийн дөрвөн сумын хил гэгддэг. Өрмийн цагаан нуур, Түлүүгийн даваа, Уран тогоо уул зэрэг газруудын дунд байрлах ДОНДОГИЙН БУЛАГ хэмээх газар сонгосон байгаа. Үндсэндээ бол Сайхан сумруу ойр, Хөвсгөл явсан засмал зам дагуу, Уран тогоо уул түшиглэн газраа сонгосон.
-Гадаад, дотоодын жуулчид үзэж харах зүйлстэй сайхан газар сонгож. Энэ зун Хөвсгөлрүү явахаар төлөвлөж байгаа хүмүүс замдаа түүнээс илүүтэй сайхан зүйлийг харж хийморио сэргээх нь гэж бодож байна. Төслийг санаачлагч байгууллага, хамтрагч байгууллагын талаар танилцуулахгүй юу?
-Тэгэлгүй яахав гол зүйл бол тэр шүү дээ. Манай Булган аймаг аялал жуулчлалын хамгийн том урсгал дээр байгаа. Үүнийг ашиглах хэрэгтэй. Дээр нь бидэнд омогшил болсон. АДУУ, АЙРАГ хоёр маань байна. Үзэсгэлэнт сайхан уул, ус маань байна шүү дээ. Бид Хөвсгөлрүү чиглэсэн урсгалыг ашиглаж энэ зун фестивалиа хийнэ. Харин төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллага бол “Сайхан Агтын Унага” ХХК гээд манай компани байгаа. Булган аймгийн маань засаг дарга З.Батзориг ах энэхүү ажлыг бүрэн дэмжсэн. Хамтран зохион байгуулагчаар Булган аймаг ажиллана. Мөн “Байгаль орчин Аялал жуучлалын Яам”-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл ах дэмжихээ илэрхийлсэн. Энэхүү төслийг ерөнхий ивээн тэтгэж ажиллахаар болсон байгууллага бол “Булган хөгжил Энэбиш сан”, түүний тэргүүн, УИХ-ын гишүүн асан, Монгол улсаас Турк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Мөнх-Очир дарга юм. Эдгээр хүмүүст баярлаж буйгаа илэрхийлэе. Цаашлаад Булган аймгийн Аялал, жуулчлалын холбоо, Булган аймгийн Залуучууудн холбоо, Оюутны холбоо гэх мэт олон нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн оролцоотойгоор энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ итгэж байна.
-Олон байгууллага, хувь хүмүүс оролцож дэмжиж байж энэ фестиваль амжилттай болно шүү дээ. Хувь хүн гэснээс нутгийн иргэд малчид энэхүү төслийг хэрхэн хүлээн авч байна.
-Энэ төсөлд баримталж байгаа бодлого бол нутгийн л иргэд, малчид оролцох юм. Жишээлбэл 5-10 адуутай, гүүтэй айл айраг, унах морь зэргийг хариуцан ажиллана. Мөн үнээ, тугалтай саальчин айл, цагаан идээгээ боловсруулна. Хоолыг мөн тэнд үйл ажиллагаа явуулдаг замын хоолны газрууд хариуцан ажиллана гэсэн үг. Гэр буудлууд мөн байна. Тэдгээрийг Булган аймгийн аялал жуучлалын бизнес эрхэлдэг байгууллагуудад хариуцуулан өгнө. Зураг авах мэргэжлийн баг, үзэсгэлэн, дэлгүүр гээд бүх төрлийн үйлчилгээ бүхий нэгдсэн кампыг бий болгоно. Энэ төслөөс олон малчин иргэд мөнгөтэй болох ёстой юм л даа.
-Нэг ёсондоо нутгийн брэндээ олонд алдаршуулж нутгийнхаа аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхээс гадна олон айл өрхийг сарын турш ажилтай орлоготой байлгах нь. Миний бодож байгаа зөв үү. Нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Танай компани санаачилсан гэсэн “Сайхан Агтын Унага” ХХК их содон нэртэй юм. Яагаад ийм нэр өгөв. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Тиймээ та зөв ойлгосон байна. Энэ төсөл хэрэгжсэнээр олон сайн үр дүн Булган аймагт гарсан байх ёстой юм. Ирэх жил аймгийн маань 80 жилийн ой болно. Энэ жил амжилттай зохион байгуулбал ирэх жил илүү том зүйл хийж бүтээх боломжтой болох юм. Бид өөрсдөдөө байгаа боломжуудаа ашиглан мөнгө олох боломжтой гэдгийг энэ төсөл харуулна гэж найдаж байна. “Сайхан Агтын Унага” ХХК-ний нэр хүмүүс их сонирхож асуудаг. Манай аав Булган аймгийн Сайхан сумынх, харин ээж маань Баян-Агт сумынх юм. Тэгээд л аав ээжийнхээ нутгийн нэрийг түшиглээд нэрлэсэн юм. Манай компани төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
-Өөрсдийн боломжуудаа ашиглан мөнгө олох гэснээс нээрээ л яагаад бид бэлэн байгаа нутаг шороогоо алдаршуулж гадаадын жуулчдын анхаарлыг татаж жил бүр дотооддоо болоод хүмүүсийг орлоготой болгож болохгүй гэж. Би ингээд тантай ярилцаж суухдаа тэр алдарт сайхан сумын айраг цагаа идээг амсаж тэр сайхан сүрлэг олон адууг очиж үзэхийг хүсэж гэгэлзэж байна.
- Тийм шүү. Энэ зун заавал очиж өөрийн биеэр үзээрэй үнэхээр сайхан шүү дээ.
-Булган аймаг давуу талаа ашиглаж маш сайхан төсөл хэрэгжүүлж Нутгаа болоод Монголыг дэлхий дахинд алдаршуулах хамгийн зөв үйлийг хийж байгаад нь бахархаж байна. 2000 адууг нэг сарын турш зохион байгуулна гэдэг нүсэр ажил шүү дээ. Бэлтгэл ажил хэр явна.
-Яг зохион байгуулалтын хувьд 2000 адууг нэг сар ашиглахгүй юм л даа. Нэг сарын турш бол өдөр тутмын арга хэмжээнүүд болно. Тэрэнд бол цөөхөн адуу, морьд ашиглана. Ихэвчлэн уналгаанд ашиглана. Гол фестиваль маань гурван удаа болно. Нэг өдөржин арга хэмжээ болно. Тэрэнд 2000 адуу оролцох юм.
- Тэр өдөр нь их сонин байх болов уу?Фестиваль болох өдрүүд нь хэдний өдөр болох вэ? Жуулчдад хэрэгтэй болов уу?
-Одоогоор 07-р сарын 15,22,29 гэсэн гурван өдөр төлөвлөж байна. Бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Дөхөөд ирэхээр мэдээлэл хүргэх байх.
-Энэ арга хэмжээнд оролцох, дэмжих зорилготой хувь хүн албан байгууллагууд байгаа байх эдгээр хүмүүст хандаж хэлбэл?
-Зохион байгуулалтад бизнесийн зорилгоор оролцох бол заавал Булган аймгийнх л байх ёстой. Харин ивээн тэтгэлэг, сурталчилгаа, маркетингаар хамтран ажиллах бол Булганых байх албагүй юм. Сонирхсон хүн бүр 80118980 утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой.
-Энэ зун Булган гэдэг их айл их зочидтой зуныг үдэх нь. Та бүгдийн энэхүү төсөлд нь амжилт хүсэн ярилцлагаа дуусгая даа.
-За баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Булган.мн