Өвөлдөө өвс тараадаг, зундаа наадам хийдэг Шадар сайдтай байсаар байх уу...
“Шадар сайдын цаг” гэдэг нэвтрүүлэг эхэндээ цөөхөн ТВ-гээр гардаг байсан бол өдгөө бүх сувгаар гарах нь холгүй боллоо. Шадарын багцанд хэвлэл мэдээлэлд төсөвлөсөн их хөрөнгө байгаа бололтой. 1,2 тэрбум гэж сонсогдсон. Энэ нэвтрүүлгийн үндсэн санаа нь У.Хүрэлсүхийн хийсэн бүтээснийг олон нийтэд сурталчилах зорилготой нь нууц биш. Гэхдээ л өвөлжин хаваржин энэ нэвтрүүлгээр зөвхөн өвөлжилтийн хүндрэлийн тухай л ярилаа. Өөр хийдэг ажил хийсэн ажил байгаагүй мэт. Хэрвээ өвөл болдоггүй, өвөл нь хүндэрдэггүй байсан бол Шадар сайд маань юу хийж цагийг өнгөрүүлнэ дээ хэмээн үзэж байгаа хүнийг өмнөөс нь санаа зовтол нуршлаа. Өвлийг өнтэй давах нь үе үеийн ХАА-н сайд нарын шүдний өвчин байсан. Социализмын үед өвлийг давах л өдгөө туурь нь ч үлдээгүй малын маш олон хашаа саравч барьсан. Бэлчээрийн мал аж ахуйн бичигдээгүй хуулиа даган байгалийн жам, цаг агаарын нөхцлөөрөө өсөж хорогддог малд энэ мэтээр маш их хөрөнгө цацаж үрсэнийг Баабар нэгэнтээ харамсан бичсэн байсан. Гэтэл одоо ч тэр хэвээрээ. Харин ч өвөлжилтийн хүндрэл нь сайд дарга нарыг өвс тараадаг, тэжээл хүргэдэг шоуны ажилтай болгожээ. Гэтэл малыг чанаржуулах, үүлдэг угсааг нь сайжруулах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ядахдаа намартаа хадлан сайн авах тухай ярьж байгаа сайд алга. Шадар сайд өвөл нь өвс тарааж байхын оронд намар нь хадландаа гар хэмээн шахаж байсан бол гадаадын олон байгууллагаас ирсэн тусламжийн их мөнгийг өөр ашигтай зүйлд зарцуулж болох байсан.
Одоо ашгүй өвөл өнгөрч зун айсуй. Энэ завсарт шадар сайд У.Хүрэлсүх чөлөөт бүсийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж нэг л удаа олны өмнө ил гарлаа. Одоо Наадам ярьж баахан явах биз. Тэгсээр зун дуусаж намар налайна. Намрын дараа өвөл болж өвөлжилт нь хүндэрч ахиад өвөл тэжээл тараах ажилдаа гарах байх... Шадар сайдын өвлийн ажлыг эргэн санахад өвч тараасан, өвөжилт хүндэрсэн нутагт түргэний тэрэг гаргаж чадсангүй хэмээн БХ-ын бүдүүн эр сайдтай нийлж ЭМ-ийн сайд эмэгтэйг өмөлзтөл нь зад загнасан, адуу хилээр гаргахыг хориглож Ховдын гурван сумын малчдыг сайн дөнгөсөн нь л сэтгэлд бууж байна. Өөр зүйл ч алга ...
НУУЦ.мн