Виктор Суворов : Г.К.Жуков аугаа жанжин биш
Нийтэлсэн: 2017-05-09 00:32:37
Монголчуудын хувьд Халхын голд япончуудыг бут ниргэгч, 2-р дайны ялалтын маршал, цэргийн аугаа жанжин Г.К.Жуков бодит амьдрал дээрээ ялан дийлэхийн ухааны суутан байсан эсэх талаар Оросд шүүмжлэл өрнөөд байна. Олон арван жилийн турш ялалтын маршал, цэргийн суут ухаантан гэгдэж байсан Г.К.Жуков нь цэрэг-стратегийн мэдлэг муутай, хатуу дарангуйлан захирагч, нэр төр алдар хүндийн төлөө хэнийг юуг ч золиослогч нэгэн байсныг Оросын судлаачид бичих болсон. “Георгий Победеносец” гэж өргөмжлүүлэгч нь дайны туршид Улаан армийн хүлээсэн асар их хохирол, цус хөлс, стратеги тактикийн аймшигт алдаа, мулгуу төлөвлөгөөний гол буруутны нэг байжээ. Ялангуяа 1941-1942 оны сүйрэлд та бидний аугаа жанжин гэж хүндэлдэг Г.К.Жуков голлон хариуцлага хүлээх учиртай гэнэ.
Манай сайт Путины дэглэмд гадуурхагдсан судлаач Виктор Суворовын “Тени победы” номны зарим сонирхолтой хэсгийг хүргэж байна.
Халхын гол-1939
1939 он. Халхын голын тулаан эхлэхэд 57-р тусгай корпусын захирагчаар Жуков томилогдон ирсэн. 8-р сарын 15-ны байдлаар түүний мэдэлд 57 мянган цэрэг, 515 онгоц, 542 их буу миномёт, 498 танк байсан нь японы 6-р армиас илт давуу болжээ. Зөвлөлт-Монголын цэрэг 8-р сарын 20-нд дайралтанд орж улмаар японы хүчийг бүслэн бут цохив. Энэ ялалтын улстөр цэргийн ач холбогдол үр дагавар өндөр байсан. Улаан Оросын хүчийг мэдэрсэн Токио дараагийн удаад Америкийн Номхон далай дахь хүч руу довтлохоор болсон. Жуков энэ ялалтын төлөө ЗХУ-ын баатар цолын алтан таван хошуу, Ленины одонгоор шагнагджээ. Сонирхолтой нь Жуков баатарын алтан таван хошуугаар шагнагдсан анхны хүн болж. Өмнө нь баатар цолд таван хошуу дагалдадгүй байжээ. Жуков Монголд онц бүрэн эрхтэй ирсэн. Тэрээр өөрийн үзэмжээр байлдааны цагийн хуулийн дагуу буудан алах эрх оноож харин тайлангаа Москвад илгээдэг л байж. Ирсэн өдрөөсөө эхлэн буудаж эхэлсэн нь Сталины цухлыг хүргэсэн гэдэг. Халх голын тулаан 140 өдөр үргэлжилсэн агаад энэ хугацаанд Жуков 600 хүнд буудан ялах ял оноосон нь өдөрт 5-6 хүн цаазалж байжээ. Ийнхүү хайр найргүй бууддаг харгис дарга ирсэн нь Улаан армийн дайчдыг японы шуурган галын өөдөөс дайрахад хүргэж ялалтын нэг нөхцөл болжээ. Жуковын “Дурдатгал бодол” номонд 1-р армийн бүлэг болж өөрчлөн зохион байгуулагдсан 57-р тусгай корпусын штабын даргын нэрийг ерөөсөө дурдаагүй байдаг. Энэ цаанаа нарийн учиртай хэмээн судлаач В.Суворов бичжээ. Учир нь Халхын голд Японы 6-р армийг бүслэн бут цохих байлдааны төлөвлөгөөг Жуков биш харин штабын дарга нь боловсруулсан гэнэ. 1-р армийн тусгай бүлгийн штабын даргаар 1939 оны 7-р сарын 15-наас 9-р сар хүртэл бригад командлан захирагч М.А.Богданов ажиллаж байсныг маршал М.В.Захаров баталжээ. Харин Жуковын “Дурдатгал бодол” номонд энэ хүний нэр огт дурсагдадгүй аж. Штабын дарга М.А.Богданов л япончуудыг үхтэл нь айлгасан тэрхүү гэнэтийн дайралтаар бүслэн бут цохих гайхамшигт төлөвлөгөөг боловсруулан удирдсан бол Жуковд цэрэг дайчдын дунд зохиогдох нам-улстөрийн ажил, залхаах цээрлүүлэх зэрэг үүрэг л оногддог байжээ. Иймд Халхын голын голын тулааны үеэр Жуков байлдааны ажиллагааг төлөвлөж удирдан зохион байгуулсан гэдэг нь хэтрүүлэг гэнэ.
Зөвлөлт-Германы фронт 1941-1945
.jpg)
ЗХУ-ын генералиусмус Сталины 1946 оны 6-р сарын 9-ны 009 тоот тушаалд “Маршал Жуков гавъяа зүтгэлийг нь зохин ёсоор үнэлсэнгүй гэсэн утгатай жөтөөрхлийн чанартай яриа гаргаж яваа нь даруу зангийн наад захын хэм хэмжээг давжээ. Улмаар өөрийн биеэр оролцоогүй Эх орны дайны үеийн бүхий л гол гол байлдааны ажиллагаа, операцийг ганцаараа төлөвлөсөн удирдсан гэх мэт яриа гаргаж биеэ хэт дөвийлгөн өргөмжлөх боллоо” гэжээ. “Ялалтын маршал”-ыг бараг хагас зуун жил мэддэг маршал К.К.Рокоссовский нь 1930 онд Английн пролетариатийн нэрэмжит Самарын 7-р дивизийн захирагч, харин Жуков дивизийн 2-р бригадын дарга байжээ. Дивизийн захирагч ирээдүйн “Ялалтын маршал”-ыг тухайн үед “хэтэрхий зөрүүд, бараг өвчин гэмээр биеэ өргөмжлөх, бусдаар хүндүүлэх, олны анхаарлыг татах гэсэн зантай” хэмээн тодорхойлж байжээ. Гэхдээ Зөвлөлт засгийн үед энэ тодорхойлолтыг 25 жилийн турш улсын нууцад тооцож байжээ. Ердөө жилийн дараа 1931 онд Улаан армийн морьт цэргийн ерөнхий шалган байцаагч, Цэргийн зөвлөлийн гишүүн С.М.Будённый "Жуков нь намын итгэлт гишүүн ч зарим үед хэтэрхий харгис авир гаргадаг” гэж тодорхойлжээ. Гэтэл Цэргийн зөвлөлийн гишүүн гуай өөрөө захирагдагчидаа нударгаараа хүмүүжүүлдэгээр алдартай нэгэн атал тэрээр Ялалтын маршалын харгис арга барилыг гайхаж байсан гэнэ. Белорусийн цэргийн торгийн корпус команлан захирагч М.П.Ковалев нь Жуковын хувийн хэрэгт “захирагдагчидтайгаа дүрмийн бус бүдүүлэг харьцсаны учраас намын шугмаар арга хэмжээ авахуулсан” хэмээн оруулжээ. ЗХУ-ын маршал А.И.Еременко 1943 оны 2-р сарын 19-нд өдрийн тэмдэглэлдээ “Жуков бол дарангуйлан захирах дуртай бүдүүлэг этгээд…бүгдийг гишгэчиж өмнөө сөхрүүлэх гэдэг ахархан бодолтой аймшигтай хүн, дээд зэргийн албан тушаал хөөцөлдөгч” гэж бодлоо үлдээсэн гэнэ. Дайны дараа Ялалтын маршал ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажилласан. Тэр тухай маршал С.С.Бирюзов “Жуков яаманд ирсэнээр тэсвэрлэхийн аргагүй нөхцөл байдал бий болсон. Тэрээр нухчин дарах гэсэн ганцхан л ажлын арга барилтай хүн” хэмээн ЗХУКН-ын Төв хорооны бүгд хурал дээр гомдол гаргаж байжээ. 1961 онд хуралдсан ЗХУКН-ын 22-р их хурал дээр нисэх хүчний маршал Ф.И.Голиков нь Жуковыг армийн офицер байлдагч нартаа бүдүүлэг дээрэнгүй харьцдаг гэж буруутгаад “нөхөр Жуковын тухайд миний хэлэх үг бол эрх мэдэлд хэтэрхий дуртай, алдар нэр хөөцөлддөг, хүндлүүлэх гэдэг, өөрийг нь эсэргүүцсэн бүхнийг дарах гэдэг зантай” хэмээн бараг 100 гаруй гадаад орны коммунист намын төлөөлөгчдийн өмнө шүүмжилжээ. Гэхдээ Ялалтын маршалд хамгийн хатуу бас үнэн үгийг хэлсэн хүн нь Берлины төлөө хамт тулалдсан маршал М.С.Конев байсан. Тэрээр 1957 онд буюу Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн өмнө “Правда” сонинд ярилцлага өгч Жуков 1941 оны сүйрэлд буруутай, Сталинград, Курскын тулаанд огт оролцоогүй, Днепр мөрний баруун эрэгт болсон бүтэлгүйдлийн эзэн, Ельна, Ржев, Берлиний хананы дэргэд Улаан армийн дайчдын цогцсоор махан овоо босгосон зэргийг нь сануулан аугаа жанжин биш харин авъяас чадваргүй нэгэн байсныг нь тод хэлж өгчээ. Маршал Конев энэ ярицлагынхаа хариуг хатуухан хүртсэн агаад хэдхэн сарын дараа болсон Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн баярын шагналын хур түүнийг тойрон гарчээ. Тэр үеийн ЗХУ-ын бүх маршал, армийн генерал зэрэг цэргийн дээд зиндааныхан болох генералиссимус Сталин, маршал Булганин, Василевский, Еременко, Конев, Захаров, Голиков, Рокоссовский, Тимошенко, Бирюзов, Буденный, Ворошилов, Чуйков, Говоров, Соколовский, Гречко, Москаленко, адмирал Кузнецов нар бүгд Ялалтын маршалд таагүй ханддаг цэргийн суут ухаантан гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ.
Зөвлөлт-Германы фронтод 8 сая орос, 800 мянган герман цэрэг алагджээ
.jpg)
1941-1945 онд хооронд дорнод фронтод Улаан арми 8-10 сая цэрэг офицероо алдсан бол Вермахтын бодит хохирол 800 мянга л хүрчээ. Энэ нь нэг Гансын төлөө арван Иван алагдаж байжээ гэсэн үг. Энэ нь Орос дэлхийн 2-р дайнд өөрсдийн магтаад байдаг шиг “ялан дийлэхийн ухаанаар” бус хүний олон зэвсгийн ихээр ялжээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Бодит байдал дээр Германы Вермахт нь зохион байгуулалт, сахилга бат, байлдах чадвар, стратеги тактикийн далайцаараа Улаар армиас хамаагүй илүү байсан. Израйлийн судлаачдын цэргийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн шилдэг армийн жагсаалтыг Германы Вермахт тэргүүлж байжээ. Оросын байгуулсан ялалт нь асар их үнээр буюу зүйрлэшгүй их хохирлоор олдсон. Дайны туршид Улаан арми 10 илүү сая /зарим түүхчид 15 сая гэдэг/хүнээ алдсанаас хоёр сая нь офицер байсан. Дөрвөн жилийн турш Улаан армиийн бүрэлдэхүүн гурван удаа бүрэн шинэчлэгдэж байсан. Сталинградын тулаанд орос цэргийн амьд явах хугацаа ердөө долоо хоног л байсан гэдэг. Энд 100 мянган хүнтэй Германы бүлэглэлийг бут цохихын тулд Оросын 600 мянган цэрэг офицер алуулж байжээ. Үүнээс аймшигтай богино хугацааг “Ялалтын маршал” Жуков Германд Зееловын өндөрлөгийн эзлэхдээ бий болгосон гэдэг. Энэ тулаанд амьд явах хугацаа 1-2 өдрөөр хэмжигдэж энэ хугацааны дараа дайралтанд орсон дивиз хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ алагдаж шархдаж дуусахад дараагийн ээлж нь ордог байжээ. Жуков маш сайн хамгаалалттай Зееловын өндөрлөгийг халз дайрч махан уул босгох үедээ өдрийн 16 мянган хүний хохирлоо огт тоогоогүй гэдэг. Цэргийн мэргэжилтнүүдийн тооцоогоор Германы танк 10-13 удаагийн тулаан, дайралтын дараа сөнөөгддөг бол Оросын танк 1-3 дайралтын дараа л жагсаалаас гардаг нь танкчдын ур чадвар нь ямар байсныг харуулдаг. Улаан арми хамгийн аймшигт хохирлыг 1941 хүлээсэн.. Даны эхлэхийн өмнөхөн зэвсэглэлд нь байсан 25 мянган танкынхаа 18 мянгыг алдаж Германы асууд 10 мянган онгоцных нь найман мянгыг нь устгажээ. Харин өөрсдөө 3700 танк, 4600 гаруй онгоцоо алдсан. Үүний дараа дайснаа ур чадвар тактикаар дийлэхгүйгээ мэдээд Москва хуучны Оросын хүний олноор ааглах аргад шууд шилжжээ. 1941 оны 8-р сард Киевийн дэргэдэх тулааны тухай Германы офицер “оросууд гурван эгнээгээр шигүү дайрлаа, 200 метр ойртуулаад бид галлаж эхний эгнээг хяргалаа, дараагийн эгнээг бас хядлаа, гуравдахь эгнээ нь аладагсадын хүүрэнд бүдчин дайрсаар хяргуулсан, ухарсан зугатсан цэргүүдийг дарга комиссар нар нь шууд буудаж байгаа нь дуранд тодхон харагдаж байсан, гэтэл араас нь ахин дөрөвдөх тавдахь эгнээ нь гарч ирэхэд бид бүрэн цочирдсон, Оросын дарга нар ямар ч энэрэх сэтгэл, бодлогогүйгээр цэргүүдээ үхэл руу хөөж байгаа нь буудаж байгаа бидэнд ч аймшигтай санагдаж билээ.Сүүлдээ пулемётчин маань тэсэхээ байж намайг солиод өгөөч, би ингэж цаг үргэлж хүн алаад байж чадахгүй нь гэж хашгирсан” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Орос цэрэг эртнээс үхлээс айлтгүй тулалддаг харин төр засаг дарга нар нь түүнийг бүхий л талаар хөхүүлэн дэмждэг. 1942 онд Герман тагнуулын албанаас гаргасан “Дорнод фронтын туршлага” гарын авлагад “оросын дайралт нь маш их хүн хүч ашигласан нэг загвараар олонтоо давтагддаг, дайралт нь хөшүүн болхи зохион байгуулагддаг, хохирлыг юман чинээ тоодоггүй зорилгодоо хүрэхийг л чухалчилдаг, цэргүүд нь сүргийн сэтгэхүйтэй, бүхий л офицер дарга нар нь санаачлага гаргахаас айдаг, бие даан ажиллах чадваргүй, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг” гэж дүгнэсэн байжээ. Гэтэл Вермахтын офицерууд бие даасан байдалтай, тавигдсан зорилгын хүрээнд нөхцөл байдалдаа тохируулан оперативийн эрх чөлөөтай ажилладаг байж. 1945 оны намар ялалтын дараа маршал Жуков Америкийн цэргийн командлагч генерал Эйзенхаурыг миний талбай чөлөөлдөг аргаараа шоконд оруулж байсан. Ялалтын маршал “миний талбайд тулмагц би явган цэргээ эхлээд оруулдаг, тэд дэлбэрч үхэн гарсан гарцаар нь танк их буугаа гаргадаг, техник үнэтэй шүү дээ” гэсэн нь цэргийн амийг нэгдүгээрт тавьдаг америк генералыг мэл гайхуулсан гэдэг. Зөвлөлт-Германы фронтод Улаан армийн хүлээсэн техникийн хохирол нь 42000 танк, 28000 нисэх онгоц хүрсэн.
Маршал Жуков эзлэгдсэн Германд хэрхэн баяжсан бэ ?
.jpg)
1946 онд ЗХУ-ын ДЯЯ эзлэгдсэн Германд Рейхын алт мөнгө, үнэт эдлэл, уран зураг, герман машин цаг тонон дээрэмдсэн, хулгайлсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн бүлэг генералын хэргийн араас оржээ. Хэрэгт хоблогдсон Телегин, Кироков хэмээх хоёр генералыг ядах юмгүй баривчилсан бол гуравдахь нь дэндүү том тул байжээ. Тэр нь ард түмнээс “Ялалтын маршал” цол авсан ЗХУ-ын маршал Г.К.Жуков байв.
Нөхөр Сталинд
Ягодины гаальд 85 хайрцаг мебель эдлэл бүхий 7 вагон саатуулагдсан. Баримт бичгийг нь шалгахад маршал Жуковд холбогдох ачаа болох нь тогтоогдлоо.
Булганин
Ийнхүү Сталин Германд Зөвлөлтийн цэргийн командлагч байсан Жуковын эзлэгдсэн орноосоо тоносон асар их баялгийн тухай анхны мэдээг авчээ. ДЯЯ-ныхан маршлын туслах Семочкиныг баривчилсанд тэрээр Германаас алт мөнгө бүхий жижиг чемодан оруулж ирсэн тухай мэдүүлжээ. Сталины нууц заавраар маршалын Москва дахь байранд нууц үзлэг хийжээ.
Маш нууц, нөхөр Сталинд
Таны 1-р сарын 5-ны зааврын дагуу Жуковын гэрт нууц үзлэг хийлээ. Үүнд : өмнөх мэдээлэлд авагдсан чемодан олдсонгүй. Унтлагын өрөөний шүүгээс : 24 бугуйн цаг, үүнээс алтан 17ш, үнэт чулуун шигтгээтэй 3ш, алтан зүүлт бөгж 15ш, үүнээс үнэт чулуун шигтгээтэй 8ш, үнэт чулуу бүхий том хайрцаг, бусад олон алтан эдлэлүүд олдлоо.
1-р сарын 8-9-нд шилжих шөнө Рублева дахь Жуковын зусланд үзлэг хийхэд:
-үнэт торго, цэмбэн материал 4000 метр, булга, үнэгний зэрэг үслэл эдлэл 323ш, дээд зэргийн чанартай савхи 36ш, Германы Потсдамын ордноос авчирсан ханын том хивс 44ш, урлагийн үнэ цэнэтэй уран зураг 55ш, үнэт болор цайны бүрэн хэрэглэл 7 том хайрцаг, цайны мөнгөн аяга халбага сэрээ 2 хайрцаг, гоёмсог чимэглэлтэй баян хуур хөгжим 8ш, ангийн үнэтэй буу 20ш тус тус олдлоо. Бүхэлдээ маршалын зуслангийн байрны өрөө тасалгаа нь үнэт эдлэлийн музей, уран зургийн галерей мэт тохижуулсан байна. Бүхий л үнэт эдлэл тавилга нь Германых байна. Жуковын байрны үүдний гутлын алчуур нь л Зөвлөлтийнх аж.
ДЯЯ-ны сайд Абакумов
Жуковын орлогч , ЗХУ-ын баатар хурандаа-генерал И.Серовын гэрээс 15 алтан цаг, 42 алтан зүүлт бугуйвч ээмэг, бөгж, 32 үнэт үслэг эдлэл, 1500м үнэт торго даавуу, 405ш эмэгтэй үнэт дотуур хувцас, 78 хос гутал, 269ш эрэгтэй пиджак олджээ.
НУУЦ.мн

өө хөөрхий дээрэмчид байжээ
оросууд***ивааг хүч хэрэглэн муйхраар шийддэг зантай. дээр бичсэн бол үнэний хувьтай. .
Ялсан нь үнэн. Ялалт асар их үнээр олдсон нь үнэн. Яагаад ч буруутгаж чадахгүй нь бас үнэн.
Hud***ch gar bndaa ene suvorov
Hud***ch gar bndaa ene suvorov