Америк, Австралийн 64 онгоцыг сөнөөсөн Японы домогт ас Сабуро Сакаи
Нийтэлсэн: 2017-05-01 13:59:20
Дэлхийн 2-р дайнд шалгарсан Наран улсын тэргүүн дайчдын нэг нь сөнөөгч онгоцны нисгэгч дэслэгч Сабуро Сакаи юм. Тэрээр Зеро онгоцоороо 3700 цагийн байлдааны нислэг хийж агаарын 200 удаагийн тулаанд Америк, Австралийн 64 онгоцыг сөнөөсөн. Энэ нь Америкийн цэргийн түүхч Мартин Каидин (Martin Caidin)-ы нэлээд дарж гаргасан тоо гэдэг. Гайхалтай нь Сабурогийн өрөөсөн нүд сохор байсан. Түүнээс гадна цэргийн нисэх хүчинд анх ирэхдээ хүлээн авсан Зеро-тойгоо дайныг дуусгажээ. Энэ олон тулаанд хэдэн удаагийн гэмтлийг эс тооцвол нэг ч удаа жагсаалаас гараагүй гэдэг. Онгоцныхоо жинг хөнгөлөхийн тулд цүнх, шүхэр зэргийг авч нисдэггүй мөн онгоцны хүнд холбооны аппаратыг хүртэл авахуулж байжээ. Бас нэг хачирхалтай зүйл нь тухайн үеийн Японы армид нисгэгчдийг байлдааны үед шагнадаггүй байжээ. Ийм учраас дайн дуусахад тэрээр бусад олон нисгэгчдийн адил нэг ч одон медальгүй гэртээ харьжээ. Агаарын 12-р бригадын нисгэгч тэрээр анхны тулалдаандаа 1938 оны 10-р сарын 5-нд Хятадын Ханькоу хотын дэргэд орж Оросын И-16-г жолоодсон Хятадын нисгэгчийг унагажээ. Анхны тулаандаа дайvны онгоцыг устгасан ч бүх галт хэрэгслээ зарцуулж эцсийн литр шатахуунаараа буудалдаа ирж даргаасаа том банга хүртсэн гэнэ. Үүний дараа бүтэн жил завсарлаж 1939 оны 10-р сарын 3-нд Хятадын бөмбөгдөгчийг хөөж гүйцэн сөнөөсөн. 1941 оны зун Номхон далайн байлдааны фронтод шилжин ирсэнээр Сабурогийн од гийж эхэлжээ. Филиппин дэх Америкийн цэргийн Кларк-Филд баазыг дайрах үед нислэгийн талбай дээр зогсож байсан дөрвөн моторт бөмбөгдөгч “Нисдэг цайз” В-17-г шатааж агаарын тулаанд дайрагч Р-40-г унагажээ. 12-р сарын 10-нд Америкийн бөмбөгдөгчдийг амдан дайрсан боловч нэгийг ч устгаж чадаагүйдээ ихэд шаналжээ. Мөн энэ тулаанд “Нисдэг цайз” В-17-г тулж очин аварга томд нь сүрдсэн гэнэ. 1942 онд анги нь Тайнаниас Рабаулд шижлжихэд Зеро-гийнхан Порт-Морсби аралд төвлөрсөн Америк, Австралиийн нисэгчидтэй өдөр бүр шахуу тулалдах болжээ.
Энэ үеийн тулаанаас хамгийн алдаршсан нь Сабуро болон Авсралийн 32-р эскадрилийн «Гудзон» хэмээх хоёр моторт бөмбөгдөгчтэй халз тулалдсан тулаан байлаа. Япон ас хөнгөхөн ялна гэж тооцоолсон ч нэлээд зууралдсан тулаан болжээ. Эцэст нь австрали нисгэгчид хамаг галт хэрэгслээ шавхсаны дараа л Сабуро унагаж чаджээ. Экипажиас нь ганцхан хүн амь гарч дараа нь дурсамжиндаа энэ тулааны тухай, өөрсдийг нь сөнөөсөн Зеро-гийн тухай тодорхой бичсэн гэдэг. 1942 оны 8-р сарын 7-нд Гуадалканалыг дайрсан дайралтын үеэр VF-5 эскадрилийн «Уайлдкэт» сөнөөгчтэй халз тулалдсан нь ирээдүйд нэрд гарсан америк нисгэгч Ж.Ж. Сьюзерленд жолоодож явжээ. Энэ тулаанд америкийн нисгэгч ялагдаж шүхрээр үсрэн амь гарчээ. Буцах замдаа VS-71 эскадрилийн SBD дайрагч онгоц ганцаараа явсантай тааралдаж эхний дайралтаараа буудагч Эллиотыг хөнөөж хоёрдахь дайралтаараа онгоцыг нь шатаажээ. Нисгэгч Дадли Адаме шүхрээрээ үсрэн амь гарчээ. 1944 онд Иводзимед байрлах нисэх Йокосука группед томилогдон иржээ. Энэ үед хоёр талын агаарын ид явагдаж байлаа. Сабуройн хувьд тулаан бүрд 1-3 онгоц унагаж байсан. 6-р сарын 24-ны тулаанд л гэхэд Америкийн VF-1, VF-2, VF-50 эскадрилийн гурван «Хэллкэт»-ыг сөнөөжээ. Гэсэн ч намраас шатахууны хомсдол нүүрлэсэн. Шатахууны дутагдлаас болж байлдааны нислэгийн тоог цөөрүүлж цагийг нь багасгахад хүрчээ. Сүүлдээ сөнөөгчид камикадзе- нисгэгчдийг хамгаалах л үүрэгтэй болж хувирав. Тэднийг байнд нь хүртэл хамгаалаад дараа нь шууд буцдаг агаад дайсантай тулалдах шатахуун байсангүй. Мөн галт хэрэгсэл ч дутагдаж эхэлсэн. Гэсэн ч Сакай араас нь хөөсөн дайснуудаас яаж ийгээд нэгийг унагаж багийнхаа нэр хүндийг аварсаар байжээ. 1945 он гарахад Японы агаарын хүчин шатахууны хомсдолд жинхэнэ утгаараа багалзуурдуулжээ. Шатахууныг хамгийн шаардлагатай үед хамгийн найдвартай гэгдсэн камикадзе болон нисгэгчид өгч байлдааны даалгавард явуулдаг байсан. Сабуро хамгийн сүүлийн байлдааны нислэгдээ Япон улс бууж өгсөнөөс хойш хоёр хоногийн дараа буюу 8-р сарын 17-д гарчээ. Энэ даалгаврын үеэр Америкийн тагнуулын В-32 «Доминатор» гэдэг онгоцтой таарч далайн ёроол руу явуулсан. Дайны дараа Токиод суурьшин лекц уншдаг болжээ. 1982 онд өмнө нь халз тулалдаж явсан америк нисгэгч нартайгаа уулзаж өнөөх Дадли Адаметайгаа гар барин зургаа татуулжээ. Хэдий өрөөсөн нүдтэй ч гольф тун сайн тоглодог байсан. Тэрээр 2000 онд 84 насандаа бурхан болсон.
NUUTS.mn