Жүжигчин бүсгүйг хэтэрхий царайлаг хэмээн кинонд тоглохыг нь хоригложээ
Нийтэлсэн: 2017-04-29 01:31:10
Кампучи улсын Соёлын яам 24 настай жүжигчин бүсгүй Дэнни Кваныг хэтэрхий царайлаг, дэндүү тачаангуй төрхтэй хэмээн кино, зар сурталчилгаанд тоглох клипенд зураг авахуулахыг нь албан ёсоор хоригложээ. Одоогоор энэ хоригийг нэг жилийн хугацаатай тавьсан байна.
Соёлын яамны Сахилга ёс зүйн газрын дарга Чамроун Вантхагийн мэдэгдсэнээр жүжигчин бүсгүй яаманд албан ёсоор бичгээр гаргаж өгсөн олон нийтийн газарт хэтэрхий ил задгай хувцаслахгүй, цахим сүлжээнд эвгүй байдлаар авахуулсан зурагнуудаа оруулахгүй гэсэн амлалтаа зөрчсөн тул ийнхүү шийтгүүлсэн гэнэ.
Эрлийз гаралтай Дэнни Кван өнгөрсөн жилийн 5-р сард ийм амлалт авсан ч түүнээс хойш олонтоо зөрчсөн аж. Хориг тавьсаны дараа газрын дарга жүжигчин бүсгүйг дуудаж ухуулан сэнхрүүлэх ярилцлага хийжээ.
Бүсгүй гэм буруугаа ухаарч цаашид даруу төлөв байхаа ахин амлажээ. Гэсэн ч цахим хуудсаараа дамжуулан эмэгтэй хүн өөрийнхөө хүссэнээрээ хувцаслах эрхгүй байгаад харамсаж явдагаа илэрхийлсэн байна.
Үүний хамт урлагийнхан түүнийг дэмжжээ. Энэ улсад кино телевиз урлаг нь нэлээд хатуу хяналттай. Бүр нүцгэн эмэгтэйн зураг зурсан зураачид ч Соёлын яаманд дуудагддаг гэнэ.
НУУЦ.мн