Хахуулиар шилжүүлэг хийдэг гэх ГЕГ-ын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын экс даргын хэрэг юу болов...
Нийтэлсэн: 2017-04-28 02:23:50
Уг нь гаальчдыг шилжүүлэх томилохдоо ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх журамтай гэнэ. Гэхдээ гаалийн удирдлага үүнийг бараг дагадаггүй. Гаальчдын тэмүүлдэг хоёр л газар байдаг нь Замын-Үүд, Улаабаатар юм. Замын-Үүдээс олон ч гаальчин дээлээ нөмөрсөн бол хотод түүнээс дутахгүй хэргүүд гардаг. Төрийн албанд шилжилт томилолт нь мөнгөөр үнэлэгддэг болсон нь нууц биш. Тэгвэл хоёр жилийн өмнөх тухайн үедээ Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэрийн нэр бүхий гаальчдаас хахууль авч шилжүүлсэн гэх хэрэг хоёрдахь жилийнхээ нүүрийг үзэж шүүх цагдаагийн хооронд шидэгдсээр байна. Саяхан ахиад л мөрдөн буцаалтанд буцаах шийдвэр гарсан. Энэ хэрэг 2015 онд гарсан. Хүчнийхэн сар гаруй гүйцэтгэх ажиллагаа явуулж байж барьсан гэдэг. Дарга хатагтайд хахууль зуучилсан гэх хүмүүс нь Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Баттогтох, байцаагч Л.Оргилмаа нар гэнэ. Захиргааны зөвлөлөөр оруулалгүйгээр гаргасан тушаалууд нь Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Эрдэнэцэцэгийг Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай , Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай байжээ. Үүнийхээ төлөө Г.Эрдэнэбаатараас 1,2 сая, С.Эрдэнэцэцэгээс 3 сая болон бусдаар зуучлуулахгүйгээр Ц.Батбилэгээс 500 мянган төгрөгийг тус тус авсан гэж яллагдсан. Гол мэдүүлэг өгсөн хүн нь ахлах байцаагч Ж.Баттогтох гэдэг. Тэрээр “.Эрдэнэбаатарын боодолтой мөнгийг, Замын-Үүдээс Улаанбаатар хотын гаальд шилжин ирсэн С.Эрдэнэцэцэгийн мөн даргад өгөөрэй гээд боодолтой мөнгө өгснийг би даргад хамт өгсөн...Тэгээд л Улаанбаатар хотын гаальд тушаал нь гарчихсан байсан. Тэгээд л дарга хүсэлтийг маань хүлээн авч дээ гэж бодсон” гэсэн гэнэ. Гэсэн ч дараа нь мэдүүлгээсээ буцжээ. Шилжилт хийлгэсэн бусад байцаагчид ч мөн нэгэн дуугаар мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн тул хэрэг ярвигтай байдалт оржээ. Хүчнийхэн нэлээд хүч зарж гүйцэтгэх ажиллагаа хийж бичлэгээр баримтжуулсан хэрэг ийнхүү холбогдогчдын гэм буруу нотлогдохгүй байх тал руугаа оржээ. Ер нь хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдсэний үр дүнд далд хэлбэрээр үйлдэгддэг, тухайн үйл баримтыг шууд гэрчлэх хүнгүй байдаг тул баримтаар нотолж батлахад хүндрэлтэй. Мөн тухайн үеийн ГЕГ-ын дарга энэ хэрэгт хариуцлага хүлээх учиртай атал шалгаагүй байна.
NUUTS.mn
