ГХЯ ээлжит “дипломат” тамхины хэргийг өөрөөсөө зайлуулах гэж арга ядаж явна
Нийтэлсэн: 2017-04-21 06:31:34

Монголын дипломат паспорттой иргэн тамхины хууль бус наймаа хил дамнуулан хийсэн ээлжит шуугиан дэгдлээ. Харин ГХЯ ээлжит удаагаа манай ажилтан биш хэмээн яаран мэдэгдэж хариуцлага, хэл амнаас мултрах гэж сууна. Хэн дуртай нь шахуу дипломат паспорт авдагийг одоо хүртэл цэгцэлж чадаагүй яам хариуцлагаас хаацайлагдах ёсгүй. ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболдын мэдээлснээр Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн нь дипломат ажилтан биш болж таарчээ.
-Өнөөдрийн байдлаар, Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яам, Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эндээс үзэхэд энэхүү хэргийг ГХЯ, эсхүл ДТГ-ын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй юм. Гадаад харилцааны яамны зүгээс, Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-аараа дамжуулан энэ асуудлыг тодруулах эхний арга хэмжээг аваад байна. Улмаар Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх иргэн саатуулагдсан гэсэн эхний мэдээг утсаар авсан байна.

Мэдээллийг шалгаж үзэхэд дээрх иргэн нь:
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014.01.30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна.
-Хил хамгаалах ерөнхий газраас лавлаж үзэхэд О.Лхагварэнцэн нь 2017.04.18-нд Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байна.
-Мөн Беларусийн дугаартай Бенц маркийн автомашин саатуулагдсан гэж интернэт мэдээнд нийтэлсэн байна. Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт СС6401-7 дугаартай хар хөх өнгийн суудлын БМВ машинтай. Иймд интернэтийн мэдээ ташаа байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Түүнчлэн ГХЯ болон ДТГ-ын хооронд дилломат ачаа илгээхдээ тусгай тэмдэг хэрэглэдэг. Энэ тэмдэг өөрчлөгдсөн, хуучин тэмдгийг хурааж авсан юм. Албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн эзэмшиж буй паспортын жагсаалтыг гаргаж ирүүлэх асуудлыг Засгийн газрын 2013 оны 320-р тогтоолоор баталсан журмын дагуу УИХТГ, ЕТГ, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймагт мэдэгдэж, хүчингүй болгох арга хэмжээг авсан. Цаашид дипломат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд зарим нэмэлт оруулахаар ажиллаж байна. ГХЯ, ЭСЯ-нд дипломат паспортаа гадаадад яваагүй үедээ Элчин сайд, эсхүл ТЗУГ-таа хадгалуулдаг журамтай” гэдгийг тодотгов. О.Лхагварэнцэн нь Ховдых гэнэ. Нэг үе ГХЯ нь “Ховдын ховдогууд” гэж хэлэгдэх хүртлээ энэ нутгийхнаар дүүрсэн. Өдгөө тэрээр дипломат ажилтан уу эсвэл дипломат паспорттой иргэн үү гэдгийг ГХЯ яг тодорхой хэлж чадахгүй л сууна.
NUUTS.mn
